Манай улсад инфляц 9.1 хувьд хүрч өмнөх сараас 0.3 нэгжээр нэмэгдсэн нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, гурил, хүнсний ногооны үнэ өссөн, мөн цалин, тэтгэвэр, цахилгааны тарифын нэмэгдэлтэй шууд холбоотой гэж Монголбанк үзэж байна. Төвбанк үнийн өсөлтийг тогтоон барих үүднээс гуравдугаар сард бодлогын хүүг 12 хувь болгон өсгөж, хэрэглээний зээлийг хязгаарлах, арилжааны банкуудын заавал байлгах нөөцийг өсгөх зэрэг алхмууд хийсэн ч энэ нь эргээд эдийн засгийн өсөлтийг хазаарлах эрсдэл дагуулах болов. Төгрөгийн ханш суларч буй нь ч инфляцад томоохон түлхэц болж байгаа бөгөөд голлох валютуудтай харьцах үндэсний мөнгөн тэмдэгтийн “хүч” буурах тусам импортын бараа, тэр дундаа өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдэх эрсдэл бодитой юм. Одоогоор инфляцын өсөлтөд дотоод хүчин зүйлс түлхүү нөлөөлж байгаа ч цаашид АНУ, БНХАУ-ын тарифын хатуу бодлоготой холбоотой гадаад нөхцөл байдлын нөлөөлөл нэмэгдэж, оны эцсээр 12 хувьд хүрэх магадлалтай байгаа аж.
Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв
0
Хуваалцах