НИТХ-ын дарга А.Баяр БНСУ-ын Пусан хотод ажиллалаа. Тэрбээр тус хотын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нэгдсэн эмнэлэг, хотын төв театр, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Пусан бол далайн болон чингэлэг тээвэрлэлтээрээ дэлхийд томд тооцогддог боомт хот юм. Тэр хэрээр эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болж буй хот. Пусан нь хөлөг онгоцны үйлдвэрлэл, усан тээвэр, ложистикийн салбарыг эдийн засгийн тулгуураа болгохоос гадна ухаалаг, ногоон хот болох амбийц нь технологийн хөгжилтэйгөө уялдсанаар авто замын дэд бүтэц, усан замын тээвэр, хог хаягдал дахин боловсруулалт, ногоон эрчим хүч, аялал жуулчлалын салбар нь хотын түшиц, голлох эдийн засгийн эх үүсвэр болж байгаа аж.

НИТХ-ын дарга А.Баяр Пусан хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимд зочлох үеэрээ Улаанбаатар Пусан хотын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэл дэх хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахыг зорьж байгаагаа илэрхийллээ. Энэ тухайгаа “Манай хоёр хот өөрийн гэсэн онцлогтой ч иргэндээ ээлтэй хөгжих ижил зорилготой. Энэ хөгжлийн зам дээр Пусан хотын удирдлагууд та бүхэнтэй уулзаж, Улаанбаатар хотын НИТХ-ын төлөөлөгчидтэйгөө хамтдаа уулзаж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хот Пусан хоттой биенесийн хамтын ажиллагааг эхлүүлэх боломжийг та бүхэн олгож өгнө үү. Өөрөөр хэлбэл, экспортод суурилсан, нэмүү өртөг шингээх салбарт бид та бүхэнтэй хамтарч ажиллахыг хүсэж байна. Монгол компани, аж ахуйн нэгж Пусанд бизнес эрхлэх ямар боломж байна вэ, монголын үйлдвэрлэгчид Пусаны зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх таатай гарцыг бий болгохыг хүсье. Аялал жуулчлалын салбараа түшиглэн хоёр хотын хамтарсан корпорац байгуулах боломжтой эсэхийг бид эрэлхийлж байна” гэдгийг яриандаа онцоллоо.

Сонирхуулахад, тус хотын хүн амын бүтэц алдагдаж хөдөлмөрийн насны залуус нийслэл рүү чиглэсэнтэй холбоотой ажиллах хүчний хомсдол үүсэх эрсдэл бий болжээ. Тиймээс төрийн болон орон нутгийн засаг захиргаанаас хүн амын шилжилт хөдөлгөөн, залуучууд, гэр бүлийг дэмжих зорилгоор орон сууцны нөхцөлийг сайжруулах бодлогыг баримталж буй ажээ.
МОНГОЛЫН ӨВЛИЙГ ҮЗЭХ ГЭСЭН ЖУУЛЧДЫН ЦУВАА НЭМЭГДСЭН
Пусан жуулчдын хот болжээ. Эдийн засгийн орчныг нь тэлж, орлогынх нь голлох эх үүсвэр нь аялал жуулчлалын салбар гэв. Аялал жуулчлалын салбар сэргэхийн хэрээр ажиллах хүчний хөдөлмөр эрхлэлт ч сайжирчээ. Тухайлбал, өнгөрсөн зургаадугаар сарын байдлаар Пусан дахь нийт ажилтай хүмүүсийн тоо ойролцоогоор нэг сая 717 мянга болсон нь өмнөх оны мөн үеэс 15 мянга орчим хүнээр нэмэгдсэн байна гэдгийг Пусан хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Ян Жэ Саен хэллээ. Ажил эрхлэлтийн энэхүү өсөлт нь Пусан хотын эдийн засагт эерэг, тогтвортой өсөлтийг үзүүлж байна гэсэн юм. Энэ үеэр НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хот өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барьж байна. Монголын өвлийг үзэх гэсэн жуулчдын цуваа нэмэгдсэн. Энэ чиглэлд хөрөнгө оруулах, хамтарч ажиллах бүрэн боломжтой” гэв. Хариуд нь Ерөнхийлөгч Ян Жэ Саен “Болно, илүү сайн болно, бүх зүйл үүнээс ч илүү сайн болно” хэмээлээ.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА



