Өнөө шөнө Завханы зүүн хэсгээр цасан шуурга шуурч, маргааш өдөр Сэлэнгийн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр ихээхэн хэмжээний цас орж, цасан шуурга шуурна.
Маргааш өдөр Өмнөговь, Дундговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.
Өнөө шөнө баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр нутгийн төв хэсгээр, 20-22-нд нутгийн зүүн хагаст ихээхэн хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүй тул нийт жолооч, зорчигч нарт сэрэмжлүүлж байна.
Иймд эрхэм зорчигч та бүхнийг хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгслээр зорчихыг Автотээврийн үндэснийтөв ТӨҮГ-аас анхааруулж байна.
Цаг агаарын дэлгэрэнгүй мэдээ:
2018 оны 9 дүгээр сарын 19-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Улаанбаатарт үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 13-15 градус дулаан, оройдоо эрс сэрүүснэ.
Баруун аймгуудын нутгаар шөнөдөө үүлэрхэг, ихэнх нутгаар, өдөртөө үүл багасаж, нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндий болон Завхан голын эхээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар эрс сэрүүсч 3-8 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 3-8 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр сэрүүсч 12-17 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
9 ДҮГЭЭР САРЫН 20-24-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:
Есдүгээр сарын 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 20, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
20-нд ихэнх нутгаар, 21, 22-нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.
Бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.