Монгол Улсын хөгжлийн банк нь Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо (ТоС холбоо)-ны гишүүн бөгөөд үйл ажиллагаандаа тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг баримтлан ажилладаг билээ. Энэ хүрээнд банкны дотоод үйл ажиллагаа болон санхүүжилтээс үүсэх хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг үнэлэн, тайлагнах нь тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагааг ахиулах нэг алхам болох юм.
Иймд Хөгжлийн банк нь дотоодын санхүүжилтийн үйл ажиллагаанаас үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг үнэлэн, тайлагнах зорилгоор “Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл” (PCAF) олон улсын хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр нэгдэж байна.
PCAF байгууллагын тухай
“Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл” (PCAF) нь зээл, хөрөнгө оруулалттай холбоотой хүлэмжийн хийн ялгарлыг үнэлэн, ил тод болгох нэгдсэн арга барил, стандартыг боловсруулж хэрэгжүүлэх хүрээнд санхүүгийн байгууллагуудтай хамтран ажилладаг олон улсын байгууллага билээ.
Тус байгууллагыг 2015 онд Ай Эс Эн банкны удирдлага дор Голландын 14 санхүүгийн байгууллага үүсгэн байгуулснаас хойш арилжааны банкнууд, хөгжлийн банкнууд, хөрөнгө удирдлагын менежерүүд, даатгалын компаниуд зэрэг байгууллагууд хүлэмжийн хийн бүртгэлийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна.
Уг хамтын ажиллагаанд одоогийн байдлаар 400 гаруй санхүүгийн байгууллага нэгдсэн бөгөөд үүнд “Barclays”, “Morgan Stanley”, “Citi”, “Bank of America”, “ABN” “AMRO” болон “Lloyds” зэрэг олон улсын тэргүүлэх банкнууд багтаж байна
PCAF-д нэгдсэнээр үүсэх боломжууд
Хөгжлийн банк нь PCAF-д элссэнээр тус байгууллагаас боловсруулсан стандартын дагуу банкны санхүүжилтийн үйл ажиллагаанаас үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг үнэлэн, тайлагнах боломжтой болно.
Мөн 2026 он гэхэд банкны санхүүжилтийн үйл ажиллагаанаас үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг үнэлэн, тайлагнах үүргийг хүлээж буй тул НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас баталсан “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт”-д банкны хувь нэмрийг оруулах боломж бүрдэх юм.