Зураг дээр байгаа энэ үзэсгэлэнт бүсгүйг Холливуудын алтан үеийн кино жүжигчдийн нэг гэж бодож байна уу? Тэгвэл үгүй ээ. Зураг дээр байгаа энэ бүсгүй Египетийн хаант улсын сүүлчийн гүнж, Ираны шахын анхны эхнэр буюу Ираны сүүлчийн хатан Фавзиа Фуад юм. 1921 онд төрсөн тэрбээр Египетийн султан 1-р Фауд хааны том охин бөгөөд 1938 онд Ираны удам залгах ханхүү Мухаммед Реза Палавитай сүй тавьж улмаар гэрлэсэн байдаг. Бүс нутагтаа хоёр эзэнт гүрний холбоог бат зангидсан энэ гэрлэлт олон ашиг тусыг хоёр оронд авчрахаас гадна бүс нутагт тогтвортой байдал эргэн ирэхэд хүргэсэн. Харамсалтай нь хатан Фавзиа 1945 онд Каир хотноо буцаж, нөхрөөсөө салж байгаагаа мэдэгдсэн байна.

Ингээд салалтын шалтгааныг хосууд бие биедээ хайргүй байсан, Ираны шах эхнэрээ тоодоггүй байсан, хатан Каиртай харьцуулахад хөгжил муутай Тегеран таалагдаагүй гэх олон шалтгаанаар тайлбарласан байдаг. Юутай ч энгүй их хувь заяанд төрсөн ч Фавзиа гүнж Ираны шахаас гэрлэлтээ цуцлуулж, Египетийн гүнжийн хэргэмээ эргүүлэн авч, цэргийн офицертэй гэрлэн 1952 онд гарсан бослого эцгийг нь хаан ширээнээс түлхэн унагаах хүртэл хааны удмын тансаглалаар амьдарсан байна. Цагтаа Европын сэтгүүлүүдийн нүүр хуудсыг чимэглэж байсан энэ үзэсгэлэнтэй бүсгүйг өдгөө ч хамгийн үзэсгэлэнтэй гүнж хэмээн цоллохоос гадна Life сэтгүүлд зориулан түүний зургийг авсан зурагчин Сисил Беатон “зүрхэн хэлбэртэй өө сэвгүй, итгэмээргүй цайвар царайнд нь тод гэрэлтэх цэнхэр нүдтэй энэ эмэгтэй яриангүй Ази тивийн цолмон мөн.” гэж нэрлэж байжээ. Гүнж Фавзиа 2013 онд 91 насандаа Египетийн Александриа хотод таалал төгсжээ.

Цагтаа Азийн цолмон гэгдэж байсан Египетийн сүүлчийн хааны ууган охин Фавзиа гүнж 1939 онд Ираны сүүлчийн шахтай гэрлэсэн боловч 9 жилийн дараа гэрлэлтээ цуцлуулан, эх орондоо эргэн ирж, гүнжийн хэргэмээ эргүүлэн авчээ. Улмаар удалгүй Египетийн цэргийн офицер Исмайл Чиринтэйтэй гэрлэн, охин хүү хоёроо төрүүлэн, нам жим амьдрах болсон байна. 1952 онд Египетэд гарсан бослого хааны удмыг хаан ширээнээс нь түлхэн унагаагаад зогсохгүй эд хөрөнгийг нь бүгдийг нь хураажээ. Ингээд Фавзиа гүнж дүү нараа бодоход олны нүднээс далд, гэр бүлийнхэнтэйгээ амар жимэр аж төрөх замыг илүүд үзжээ. Фавзиаг бодоход бага дүү Фатиа нь 1976 онд экс нөхөртөө 6 удаа буудуулж амь насаа алдах хүртлээ олны анхаарлын төвд амьдарч байв. Харин удаах дүү болох Файка нь АНУ-д амьдардаг египет гаралтай энгийн иргэнтэй гэрлэсэн нь хаан ширээндээ залраагүй ч ном ёсоор Египетийн хаан ширээг уламжлах ёстой ах Фарук хааны таалалд нийцээгүй юм.

Мартагдсан эриний шигтгээ гэгдсэн Фавзиа гүнж гэрээсээ нэг их гардаггүй байсан бөгөөд зөвхөн ойр тойрны дотно хүмүүсийнхээ хүрээлэл дунд энгийн иргэний орлогоор амьдарсаар нас эцэслэжээ. Египетийн хааны удмын сүүлчийн гүнж болох Фавзиаг 2013 онд таалах төгсөх үед нь оршуулгын ёслол тун даруухан явагдаж, цөөхөн хүн оролцсон байна. Бүсийн хүчирхэг гүрний гүнжээс бас нэгэн хүчирхэг хаант улсын хатанд өргөмжлөгдөж явсан үзэсгэлэнт эмэгтэй энгийн иргэний орлогоор амьдарч насыг барах нь хөндлөнгийн хүмүүст эмгэнэлтэй мэт санагдавч, Фавзиа гүнж тун бардам, итгэл төгс амьдарсан гэж дотных нь найз дурсан ярьжээ. Гүнжийн амьдралын тухай Ираны генерал асан Хуссейний 1992 онд бичсэн “Пехлевийн эзэнт гүрний сэргэн мандалт ба уналт” номонд “Тэрээр Шахтай францаар ойлголцдог байсан. Гүнж фарси хэлээр яридаггүй, Шах харин арабаар яридаггүй байв. Гүнж дэндүү гэмээр үзэсгэлэнтэй боловч тэр хэмжээгээр ичимхий нэгэн байлаа. Албаны хүлээн авалтанд оролцох дургүй байсны дээр хэнтэй ч хамаагүй ярилаа гэхэд нүүр нь чавга шиг улайдаг байсан” гэж бичжээ.