Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Архангай, Баянхонгор, Завхан, Өмнөговь аймаг, 14-15-нд шилжих шөнө Архангай, Баянхонгор, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь аймаг, 15-ны өдөр Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Хэнтий аймгийн нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж жижиг гол, хуурай сайр, уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.
Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад зөвлөж байна.
Иргэдийн санамсар болгоомжгүй байдал,бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалан он гарсаар 07 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар усны ослын тохиолдол 12 аймгийн 27 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 39 удаа гарч, 48 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 9 нь хүүхэд, 39 нь насанд хүрэгсэд байна.
Иймд,
– Гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө амралт, аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,
– Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
– Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
– Бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
– Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.