УИХ-ын намрын чуулган томилгооны асуудлаас гадна олон нийтийн анхаарал татсан асуудал хэлэлцсэн нь Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл. УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан энэхүү хуулийн төсөл нь иргэд олон нийт хийгээд аж ахуйн нэгж, бүүр цаашлаад Засгийн газрын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэй уялдахгүй байгаа юм. Учир нь, янжуур тамхины онцгой албан татварыг огцом нэмэхээр тусгасан нь “татвар нэмэхгүй” гэсэн Засгийн газрын бодлого шийдвэрийг сөрсөн хуулийн төсөл гэж үзэж, Засгийн газраас дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Мөн онцгой албан татварыг нэмэгдүүлснээр худалдаанд буй янжуур тамхины үнэ огцом нэмэгдэж, инфляцын өсөлттэй эдийн засаг тааруу байгаа үед иргэдийн халаасыг тэмтрэхээр зэхэж буйг иргэд олон нийт шүүмжлэлтэй байгаа юм. Ийнхүү нийгмийн эсэргүүцэлтэй тулгарсан тул хуулийн төсөл санаачлагчид Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яаралтай горимоор батлуулахаар зэхсэн ч намрын чуулганаар амжсангүй.
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэгт уг хуулийг санаачилсан УИХ-ын гишүүд багтсан нь өөрөө асуудал дагуулж байгаа юм. Хуулийн төсөл санаачлагч гишүүд ийнхүү Ажлын хэсэгт орж, улайрч байгаа нь хардлага дагуулж байна. Угтаа бол хуулийн төсөл боловсруулах буюу “хууль бичих” үйл явц нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, өргөн хүрээний олон талт судалгаа, хууль хоорондын уялдаа зэрэг нарийн төвөгтэй ажил байдаг. Тодруулбал, хуулийн төслийн хэрэгцээ шаардлагыг тандан судлах, хууль хэрэгжсэнээр бий болох үр нөлөөг судалж, үнэлэх, хуулийг хэрэгжүүлэхэд гарах зардлын тооцоо, хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ зэргийг хийсэн байхыг шаарддаг. Хууль тогтоомжийн тухай хуулиар “хууль санаачлах, батлах үйл явцад олон нийтийн оролцоог хангах зарчмыг баримтлах” буюу хуулийн төслийн үзэл баримтал, зохицуулалт, хүрэх үр дүнг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэхээр заасан байдаг. Гэтэл Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд аж ахуйн нэгжүүдийн саналыг огт тусгаагүй бөгөөд онцгой албан татварыг огцом нэмэх зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг эргэн харах зайлшгүй шаардлага байгааг УИХ-ын гишүүд ч, Засгийн газар ч хуулийн төсөл санаачлагчдад анхааруулж буй.
Манай улсад хууль багадаагүй, хэрэгжилт хангалтгүй байгаа нь асуудал шийдэгдэхгүй байгаа хэрэг. Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталснаар тамхидалттай тэмцэх юу л бол. Харин ч хууль бус тамхидалт руу чирч, иргэдийн эрүүл мэнд эрсдэлд орох эрсдэлтэй байгааг УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн хэлж буй. Нэмж хэлэхэд хууль санаачлах эрхэд халдаж, богино хугацаанд хууль бичиж, яаран батлуулахыг зорьж буй нь улс төрийн эрх ашиг гэлтэй.



