Удам судар, үүх түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил гэж үг бий. Монголчууд бидний зарим нь өвөг дээдсээ танихаа байж, бүгдээрээ боржигон овогтон болсон энэ цаг үед удам зүйн талаарх зарим сонирхолтой мэдээллийг хүргэхээр Анагаахын удам зүйн лабораторийн тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Ө.Оюунчимэгтэй таныг уулзуулж байна.
Удам зүй, удмын сан гэж яг юуг хэлдгийг манай уншигчдад энгийн үгээр тайлбарлаж өгөөч?
Удмын сан гэдэг бол зөвхөн хувь хүн, гэр бүл төдийгүй хүн амын, мөн улс орны оршин тогтнох гол үндэс суурь гэж хэлж болно. Аль ч үндэстэн, улс орны хувьд удмын сан нь үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг болж явдаг. Хүний удам судар гэдэг нь тухайн хүн аавдаа, эсвэл ээждээ байдаг бүх шинж тэмдгийг нь өвлөн авч, дээр нь өөрийнхөө бүхий л мэдээллийг нэмснээр цоо шинэ хүн бий болгохыг хэлж байгаа юм.
Хүн эцэг, эх хоёрынхоо генийг эн тэнцүү өвлөж авдаг юм уу. Эсвэл энэ нь харилцан адилгүй удамшдаг юм болов уу?
Ямар ч хүүхдийг энгийн нүдээр харахад заримдаа аавтайгаа, заримдаа ээжтэйгээ ч адилхан юм шиг. Зарим үед бүр солигддог тэмдэг шиг хэн хэнтэй нь адилхан харагддаг шүү дээ. Энэ бол гэнэтийн илрэлийн бодит жишээ юм. Учир нь тухайн хүүхэд ээжийнхээ удмын сангаас 50 хувь, мөн aaвынхаа удмын сангаас 50 хувийг нь өвлөж авдаг.
Үүнийг шинжлэх ухааны үүднээс хүний үдмын мэдээллийг барьж байдаг тодорхой тооны генийн хромсом буюу эсийн бөөмтэй холбон тайлбарлаж болно. Хүний биед байдаг 46 хромсом дотор тухайн хүний бүхэл мэдээллийг хадгалах чадвартай тусгай генүүд байдаг. Эдгээр генүүдийн хооронд солилцоо явагдаж байдаг учраас хүүхэд аав, ээжийнхээ генийг яг ижилхэн 50 хувьтай хувааж авдаг гэж үздэг.
Үүнээс гадна ямар ч хүнд тодорхой хэмжээний далд хэлбэрийн гени агуулагдаж байдаг. Энэ далд генүүдээр нь дамжуулан эрдэмтэд бид тухайн хүний биед илэрч буй төрөл бүрийн өвчнийг. Тухайлбал хорт хавдар зэргийг судалдаг гэж хэлж болно. Тухайн хүн яагаад хорт хавдраар өвчлөх болов. Тэр хүний удамд ийм өвчтэй хүн байсан уу гэх мэтчилэн.
Аав, ээжээсээ генийг нь эн тэнцүү өвлөж авдаг гэлээ. Тэгвэл тухайн хүүхдийн эхийнх нь удамд удамшлын ямар нэгэн өвчин байх юм бол хүүхэд тэр өвчнөөр өвчлөх магадлал мөн адил 50 хувь гэж ойлгож болох уу?
Удамшлын эмгэг дамжих хэд хэдэн хэлбэрүүд байдаг. Үүнийг анагаах ухааны хэллэгээр автосан доминант хэлбэрийн рецессив гэдэг. Ер нь бол аливаа өвчин эхний үеэс дараа үедээ дамжин удамшихдаа нэг бол хүйс дагаж дандаа эрэгтэй юм уу, эсвэл эмэгтэй хүүхдэд гэх мэтчилэн удамшдаг.
Ийм маягаар хэд хэдэн үе өнгөрсний эцэст хүйс харгалзахгүйгээр эрэгтэй, эмэгтэй хамаагүй удамшиж эхэлдэг. Ямар өвчнөөсөө шалтгаалаад эмгэг шинж тэмдгүүд нь нэг ил гарч, нэг бүдгэрч, заримдаа тодорхой хэмжээгээр маш хүчтэй илэрдэг. Жишээ нь оюун ухааны хомсдол гэдэг эмгэг байна. Энэ төрлийн эмгэг нэг айлын хэд хэдэн хүн дээр өөр өөрөөр илэрсэн тохиолдол зөндөө. Зарим хүнд нь хөнгөн хэлбэрээр, харин заримд нь хүнд хэлбэрээр илэрдэг. Удамших зүй тогтолыг биологийн шинжлэх ухаанд Менделийн хууль гэдэг алдартай нээлтийн тусламжтайгаар анх нээн илрүүлсэн түүхтэй. Энэ нээлтийн тусламжтайгаар удамшлын өвчин хэрхэн олон үе дамжиж удамшдагийг анагаах ухаан судалж, тогтоосон юм.
Удамшлын өвчнөөс сэргийлэх боломж хэр байдаг вэ?
Манай монголчууд эртнээс өөрсдийн удам, хойч үеэ хамгаалж ирсэн өндөр дархлаатай ард түмэн байжээ. Үүний хамгийн энгийн жишээ бол цагаан сарын баяр юм. Энэ баяраар монгол айл өрх бүр жилдээ нэг удаа бөөнөөрөө цуглаж, нүүрээ нүүрээ харалцан удам судраа ярилцаж, мэддэг байж.
Ингэснээрээ цус ойртолтоос урьдчилан сэргийлж чаддаг байсан. Цус ойртолтоос урьдчилан сэргийлнэ гэдэг чинь өөрөө удамшлын эмгэгээс хамгаалж чадаж байна л гэсэн үг. Ингэхийн тулд монгол хүн бүр удам судраа заавал мэдэж байх ёстой юм шүү дээ.
Хүн өөрөөсөө дээш хэдэн үеэ мэдэж байх ёстой юм бэ?
Есөн үе гэж ярьдаг шүү дээ. Есөн үеэсээ цаашаа бол хүний цус харийн болоод эхэлдэг. Өөрөөр хэлвэл ижил төрлийн цустай болоод эхэлнэ гэсэн үг.
Манай ард түмэн эрт дээр үеэс ургийн бичиг гэдэг зүйлийг хөтлүүлсээр ирсэн нь их учиртай. Үр хүүхдүүдээрээ зохион байгуулалттайгаар ургийн бичиг хөтлүүлснээр ах дүү, элэнц хуланц, эмээ өвөө, хамаатан саднаа хүртэл бүгдийг нь таньж мэдэж авдаг байж. Ингэснээрээ төрөл бүрийн өвчин болон урргийн эмгэгээс сэргийлж чаддаг байсан.
Өнөөгийн бид нар өөрсдийгөө судлахын тулд заавал генетикийн шинжлэх ухааныг өндөр түвшинд хөгжүүлнэ гэхгүйгээр өвөг дээдсийнхээ ургийн бичиг хөтлүүлдэг байсан туршлагыг өвлөж, хэрэгжүүлэхэд л болчих учиртай. Ургийн бичиг, цагаан сар хоёроос гадна айлын бэр болох. Бэрээ сонгох гэж нэг том соёл, уламжлал монголчууд бидэнд хадгалагдаж ирснийг энд хэлэх хэрэгтэй.
Бэр болох хүнийхээ чигчий хурууг харна гэсэн үг хүртэл бий. Өнөөгийн шинжлэх ухаанаар бол эмэгтэйн чигчий хурууны хэв маягаар нь генетикийн нарийн мэдээллүүдийг нь уншиж болдог гэсэн үг л дээ. Их ажигч, гярхай хүмүүс бол бэр болох хүнийхээ чигчий хуруугаар тухайн хүний удамд ямар өвчтэй, ямар эмгэгтэй хүн байж вэ гэдгийг төвөггүй мэдэж чаддаг ийм л мундаг өвөг дээдэстэй байжээ, бид.
Чигчий хуруугаар нь бэрээ шинжиж чадсаны хүчинд манайхны ярьдгаар хүний сайныг нь сонгож хүүдээ авч өгдөж байсан гэж ойлгож болно. Ингэснээр тухайн гэр бүл цусаа ариун байлгаад зогсохгүй удам судар, хойч үеэ өөрийгөө авч явах айхтар том дархлаатай болгодог байсан байна шүү.
Бидний дунд өнөөдөр ч гэсэн хадгалагддаг нэг уламжлал бол бэрийнхээ чигчий хуруунд бөгж зүүж өгдөг явдал. Энэ нь бэрдээ чи манай айлын удам судрыг цааш нь авч явах хүн шүү. Тиймээс биеэ ариун, эрүүл байлгаарай гэсэн нэг ёсны захиас болж өгдөг учиртай байжээ. Бас нэг талаас бэрээ хүндэтгэж байгаа хэлбэр ч гэж хэлж болно.
Бидний өвөг дээдэс удмаа, цусаа ариун байлгах ийм л мундаг философитой хүмүүс байсан байх юм. Харин шинжлэх ухаан хөгжсөн өнөөгийн хүмүүс бидэнд удмаа эрүүл байлгах бүхий л боломж нь нээлттэй болчихож. Учир нь шинжлэх ухааны олон шинэ ололт амжилтууд амьдралд нэвтэрч байна. Үүний нэг жишээ нь удамшлын эмгэгийг эхийн хэвлийд эрт үед нь оношлоод, эмчилчихдэг болсон явдал. Энэ технологийг манай улсад 2011 оноос нэвтрүүлээд 2013 онд байнгын ажиллагаатай шинэ лаборатори ашиглалтанд оруулчихлаа.
Бэрээ чигчий хуруугаар нь шинжинэ гэлээ. Одооны залуус хайртай хүнээ ингэж хамаагүй шинжүүлж, сонжуулахыг зөвшөөрөх болов уу?
Хос залуус мэдээж анх учраад хайр сэтгэлээр бие биенээ сонгоно. Гэвч дараа нь хоёр талынхаа амьдрал ахуй, эдийн засгийн бололцоо, удам судар гээд олон зүйлийг харах нь ойлгомжтой шүү дээ. Мэдээж хүний хайр сэтгэл бол хэлж ирдэггүй, цаанаасаа бий болдог зүйл. Гэхдээ л цус ойртолт, удмын эмгэг, төрөл бүрийн өвчин зэргээс сэргийлэх хамгийн сайн арга бол хань болж буй хүнийхээ удам судрыг гентэй нь цуг нарийн шинжих явдал. Гэр бүл аз жаргалтайгаар оршин тогтнох хамгийн гол үндэс нь эндээс л эхлэх учиртай. Эцэг, эхтэйгээ танилцуулах нь зүгээр нэг гангараа, сэтгэлийн хөөрөл төдий биш, харин ураг төрлөө мэдэлцэх чухал мөч болж өгдгийг мартаж болохгүй.
Өнөөдөр манайд тохиолдож байгаа хамгийн түгээмэл үзэгдэл бол дөрөв дэх үеийн хүмүүс төрөл саднаа танилгүйгээр хоорондоо гэрлэж, цус ойртож байгаа гажиг хэрэг юм. Ургийн бичиглэл хөтлөхөө больж, удам судраа мэдэхээ байснаар ойд төөрсөн сармагчинтай адилхан гэдэг л болж байгаагийн нэг жишээ шүү дээ. Тиймээс ургийн бичиг хөтлөлтийг бүр бодлогын түвшинд төрийн оролцоотойгоор хийхгүй бол болохоо байчихлаа.
Цус ойртолтоос гадна өөр ямар төрлийн гажгууд байдаг юм бэ. Жишээ нь архи хүний удамд цус ойртохтой яг адилхан сөрөг үр дагаврыг үүсгэдэг гэж үнэн үү?
Хүн амьтнаас юугаараа ялгаатай вэ. Уураг тархи буюу сэтгэн бодох чадвараараа биз дээ. Хүүхэд эхийн хэвлийд бойжиж эхлэхэд хамгийн түрүүнд тархи мэдрэлийн тогтолцоо нь үүсч хөгждөг. Тиймээс архи урагт нөлөөлөхдөө хамгийн эхэлж дөнгөж бойжиж буй тархи мэдрэлд нь нөлөөлнө гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй.
Чухам яг эндээс л оюун ухааны хомсдол үүсч байгаа юм. Оюун ухааны хомсдол гэдэг чинь ямар ч сэтгэн бодох чадваргүй, амьтантай ижилхэн хүн бий болно гэсэн үг. Тиймээс залуу хосууддаа архи гээч энэ зүйлээс хол байгаач л гэж хэлмээр байна. Ялангуяа дөнгөж гэрлээд, хүүхэдтэй болж амжаагүй байгаа хосууд үүнийг сайтар анхааралдаа авах хэрэгтэй.
Өндөр хөгжилтэй орнуудад ээж нь жирэмсэн үедээ архи уугаад төрүүлсэн хүүхдүүд дээр маш нарийн судалгаа хийж үзсэн байдаг. Ийм хүүхдүүдийн дийлэнх нь том болоод нийгмийн сөрөг үзэгдэл хийдэг хар тамхичин, дээрэмчин, гэмт хэрэгтэн болсон тохиолдол түгээмэл байгааг судлаад тогтоочихсон байх жишээтэй.
Мөн удамшилд нөлөөлөх гадаад хүчин зүйлс зөндөө байна. Эдгээрийн заримыг нь шинжлэх ухаан тогтоож чадаагүй байгаа. Өнөөдөр мэдэгдэж байгаагаар бол сахарын өвчин, бэлгийн замын халдварт өвчин ургийн гажилтанд хамгийн өндөр нөлөөг үзүүлдэг байх жишээтэй. Сүүлийн үеийн судалгаагаар бэлгийн замын халдварт өвчнөөр ид нөхөн үржихүйн нас буюу 24-29 насныхан голчлон өвдөж байгаа нь манай хүн амын удамшилд заналхийлж буй аюулын харанга гэж хэлж болно.
Монгол эрчүүд хүү төрүүлж өгсөнгүй гэж гомдоллодог. Гэвч ямар хүйстэй хүүхэд төрөх нь эцгээс биш, эхээс илүү шалтгаалдаг юм биш үү?
Өрхийн тэргүүн хүйс тодорхойлоход чухал үүрэгтэй нь үнэн үү гэвэл үнэн. Удам залгах хүн нь хүү байх уу, охин байх уу гэдэг нь нөгөө л 50:50 хувийн мэдээллээс чинь шууд шалтгаалдаг. Шинжлэх ухаанд хүү төрөх эсэх нь эр хүйсэн дэх Y хромсомноос шууд шалтгаалдаг гэж үздэг. Эмэгтэй хүний өндгөн эс ялгарах хугацаанд хүү, эсвэл охин гэж төлөвлөх боломжит аргууд байдаг л даа.
Охин болон хүү хүсч байгаагаа идэж буй хоол хүнсээрээ дамжуулж зохицуулж болдог гэж ярьцгаадаг. Энэ хэр үнэн бэ?
Хоол тэжээлтэй холбоотой гэж үздэг тал бий. Гэхдээ энэ нь зуун хувь батлагдсан онол биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Эмэгтэйн өндгөвчнөөс гарч эр бэлгийн эстэй нийлж буй өндгөн эсийн гадагшлах үйл явцтай энэ нь шууд холбоотой. Эмэгтэйн өндгөн эс ялгарсан цагаасаа хойш ямар хугацаанд үр тогтолт явагдсан байна гэдгээс хамаарч хүү юу, охин уу гэдэг нь шийдэгддэг болохыг шинжлэх ухаан тогтоочихсон. Тиймээс ямар хоол хүнс хэрэглэх нь тийм ч чухал нөлөөтэй биш.
Дөрөв дэх үе дээрээ цус ойртож байна гэж ярьсан. Гэхдээ цус ойртолт ес дэх үеэсээ цэвэршдэг гэлцдэг?
Хосууд жирэмсэн болох тохиолдол бүртээ генетикийн шинжилгээнд хамрагдаж байвал их сайн. Ер нь бол бид нар хэд дэх үе дээрээ явж байгаа цус ойртолт вэ гэдгийг зөвхөн ургийн бичлэгийн тусламжтайгаар мэдэх боломжтой. Үүнээс өөр найдвартай арга үгүй.
Нэг жишээг дурьдая. Солонгос кинон дээр эртний хаад, хатадаас гажигтай хүүхэд гарах. Эсвэл хаан ширээг залгамжлах гэж байгаа хүн нь цусны өвчтэй, бие султай байгаа тухай их гардаг. Энэний түүхийг судлаад үзэхээр эрх мэдлийг нэг удамд удаан хугацаагаар бариулахын тулд үеэлүүдийг хооронд нь гэрлүүлдэг байсантай холбоотой болж таардаг. Үеэл хаяалуудыг хооронд нь гэрлүүлснээр үр хүүхдүүд нь сул дорой, өвчлөмтгий болдог байж. Оросын хаадуудын түүхийг судалж байхад тэдний дунд цусны өвчин их байдаг нь мөн л үүнтэй холбоотой.
Монголд үүнтэй төстэй цус ойртолтын тодорхой баримтууд байдаг уу?
Цус ойртолтыг үндэсний хэмжээнд судалсан том судалгаа байдаг. Энэ судалгаагаар манайд цус ойртолт үндсэн хоёр хэлбэрээр явагддагийг тогтоосон. Эхнийх нь ойрын цус ойртолт буюу уеэл болон хамаатнууд хоорондоо гэрлэх үзэгдэл. Харин алсын цус ойртолт нь нэг сум, нэг нутагт амьдардаг хүмүүс хоорондоо гэрлэх явдал. Манайд ойрын цус ойртолт судалгаагаар 97 хувьтай байдаг болох нь тогтоогдсон. Үүнийг генетик тандалтын аргаар улсын хэмжээнд хүн ам судлалын томоохон судалгаа хийж байж тогтоосон юм шүү. Судалгааны дүгнэлт нь үндэсний аюулгүй байдал, хүн ам зүйд ноцтой аюул заналхийлэх хэмжээнд хүрсэн гэж гарсан байдаг.
Энэ 97 хувь гэдэг нь ямар үзүүлэлт вэ. Их л өндөр үзүүлэлт юм шиг?
Цус ойртолтын гол илрэл нь оюун ухааны хомсдолтой болон гажигтай хүүхдүүд төрөх төрөлтийн тоо ихэсч байгаагаар илэрдэг гэж олон улсад үздэг. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр төрөлхийн хөгжлийн гажигтай хүүхдүүд хэд төрж байна вэ гэдгийг судалдаг бүхэл бүтэн алба бий. Энэ албаны мэдээгээр 2017 онд амьд төрөлтөд тохиолдох төрөлхийн ургийн гажиг 8.5-7.1 хувь болж буурсан байнэ лээ. Энэ нь ургийн гажгийг эрт илрүүлэх оношилгооны технологи, тусламж үйлчилгээ сайжирсантай холбоотой.
Тухайн удмаас хэн нэг нь хавдраар өвдөж байсан бол энэ нь удамших магадлал хэр өндөр байдаг юм бэ?
Хорт хавдраар өвчлөх магадлал бүхий мэдээлэлтэй хүмүүс гэж байх. Заавал цус ойртсоноор энэ бүхэн илрэх албагүй. Хавдар бол ер нь л удамших магадлалтай өвчин шүү дээ. Гэхдээ бас удамшихгүй байх магадлалтай далд хэлбэрийн генүүд гэж хүний биед заавал байдаг юм. Тиймээс тухайн хүнийхээ биеийн онцлогоос ихээхэн шалтгаалдаг гэдгийг хэлмээр байна.
Төгсгөлд нь шинээр гэр бүл болж байгаа залуустаа хандаад хэрхэн удмаа цэвэр, эрүүл байлгах талаар зөвлөөч?
Би түрүүн хэлснээ дахин давтан хэлмээр байна. Ургийн бичиг хөтлөлтийг заавал хий. Ургийн бичиг хөтлөх чинь тийм ч хэцүү зүйл биш шүү дээ. Энэ талаар мэргэшсэн мэргэжлийн хүмүүс зөндөө байгаа. Тэднээс зөвлөгөө авч болно. Удам судраа мэдэхгүй байж цусаа цэвэр, удмаа эрүүл байлгана гэж яриад хэрэггүй. Дээр нь архи битгий уугаач, жирэмсэн үедээ генетикийн зохих шинжилгээнд заавал хамрагдаж байгаач гэж л захья даа.