Сүүлийн хэдэн өдөр бороог хачин ихээр үгүйлэв. Ирж яваа цагийн дохио юухнаас ч мэдрэгдэх атлаа энд бороо алга. Хаврын тэнгэр хуйсганан шуурга дэгдэх төдийд, хундан цагаан үүлс нарыг халхлах тоолонд “Одоо л бороо орох нь дээ” хэмээн хангай дэлхийг уйгагүй царайчилсаар байнам. Бороо л орвол ижийтэйгээ уулзах юм шиг санагдаад, бороог далимдуулж ангасан сэтгэлээ дэвттэл ихэр татан уйлмаар бодогдоод болдоггүй. Хэнз сэтгэл нялхамсуулаад хавар ийм гунигтай сан бил үү.
Хонгор шарга нь тарган шүү
Тарганд нь битгий бардаарай
Талын хөндий арвин шүү
Татасхийгээд яваарай…
Ээжийнхээ аялах дуртай уртын дуу “Хонгор шарга”- ыг ахин дахин сонслоо. Шинэ бүхний эхлэл гэгэлгэн дэврүүн хавраар орчлонгийн жамыг гүйцэд ухаараагүй гэнэн үрээ өрөвдөн, хөөрхий ижий минь “Хонгоор шарагаа өө…” хэмээн баргилдуу хоолойгоор аргадан дуулах шиг…
Нугалаа, цохилго бүр нь туулах амьдралын минь даваа, нугачаа, энхэл донхол болгоныг элж зөөллөөд байна уу гэлтэй. Залуу нас гэдэг зуурдын үзэгдэл, залуу сайхан яваадаа бардаад байх зүйлгүй, амьдрал урт юм шиг хэрнээ богино, богино юм шиг атлаа урт болохоор ухаан зарж туулах хэрэгтэй хэмээн зэмлэх мэт үгс зүрхэнд эрхгүй хүрнэ.
“Аз жаргал, зовлон гунигийн аль аль нь мөнх биш, харин бага залуудаа сурсан ажил, эрдэм мэдлэг чамтай үүрд хамт байна. Сайхан сэтгэл бол хэн ч булааж авч чадахгүй өв хөрөнгө юм шүү” гэж сургах ижийгээ үглэж байна гээд үгийг нь тэр бүр тусгаж авдаггүй байсандаа гэмших ч багадна.
Ямар хувь ерөөлөөр та минь энэ дууг аялдаг байсан юм бэ. Хүмүүний үзэл санаа, үнэт зүйл хийгээд орчлонгийн жам ёсны тухай таныхаа тэр олон жил надад ухааруулах гээд чадаагүй зүйлсийг үр нь одоо ухаант ардынхаа дуунаас ойлгож эхэлж байх шиг.
Өвөл, зуныг уулзуулдаг хавар үгүй бол байгаль яасан уйтгартай, гэвч хавар үргэлж хавраараа, намар дандаа намраараа байвал бас л үнэ цэнэгүй. Үхэл гэж байгаагүй аваас амьдрал яасан утгагүй. Орчлонд үгүй болсных нь дараа ч нэгнээ үгүйлэн хайрласаар л байх энэ мэдрэмж заяасан тулдаа хүмүүн гээч зовлонг тэсдэг юм болов уу.
Санчигандаа өнчин хяруугүй сайхан залуу ээжийн минь төрх борооны дусал бүхэнд шингэн ирэх юм шиг санагдаад ойрд сэтгэл жигтэй догдлонгуй байгаа. Баруун хойноос дахиад үүл гараасай. Баахан хүлээж байгаад дусал болгонд нь оногдох сон…