Шадар сайд С.Амарсайхан цахим хуудсаараа дамжуулж “Дотооддоо цар тахлын халдварыг бууруулж, аюул эрсдэлгүй болсон цагт хичээл сургуулийг танхимаар оруулахаар ажиллаж байгаа учраас 3-р сарын 1-нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан.” гэлээ.
Тэрбээр сурагчдад хандан:
“Сайн байцгаана уу?
Эрхэм хүндэт хүүхэд багачууд, сурагчиддаа энэ өдрийн мэндийг хүндэтгэн дэвшүүлье.
Халдварт өвчний улмаас хүүхдүүд та нар минь хичээлийн жил дамнан теле, цахимаар хичээллэж байгаа учраас анги хамт олноо, найзуудаа, багшийгаа, бас сургуулиа санаж байгаа.
Гэвч цар тахлын голомттой үед олон хүн нэг дор цуглах нь халдвар тархах эрсдэлийг хэд дахин нэмэгдүүлж, цахимаар хичээл үзэхээр сурлагын чанарт сөргөөр нөлөөлж байгаа ч эрсдэлийг бүрэн арилгах хүртэл хүүхдүүд та нарыгаа теле хичээлээ тогтмол үзэж, гэрийн даалгавраа цаг тухай бүрт нь багшдаа шалгуулж, идэвх чармайлттай суралцахыг хүсч байна.
Чин сэтгэл, хичээл зүтгэл байхад ямар ч хэцүү бэрх нөхцөлд эрдэм номыг шамдан суралцаж болдог тухай “Хүжийн гал” өгүүллэгт гардаг.
Харин өдгөө цахим хичээлээ ухрааж, нөхөж, давтан үзэх боломжтой, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран, хүссэн үедээ анги хамт олон, багш нартайгаа цахимаар уулзах боломжтой технологийн дэвшилтэт сайхан цаг үед суралцаж байна. Зөв ашиглаж чадвал энэ бол боломж юм.
Тэгвэл цөөнгүй сурагчид цахим сургалтын хичээлдээ бүрэн хамрагдаж чадахгүй нөхцөлд байсаар байна.
Бид бүх нийтээрээ цар тахлын эсрэг тэмцэж буй энэ цаг үед хүүхдүүд та бүхэн хайртай гэр бүлийнхээ төлөө, эх орныхоо төлөө оруулах үнэтэй хувь нэмэр бол хичээл сурлагадаа шамдах явдал юм шүү.
Магадгүй хожим том болоод хүүхдүүд та нар энэ үеийг “Үсэглэлийн баяраа хийж амжаагүй нэгдүгээр ангийнхан”, “Хонхны баяраа цахимаар хийсэн төгсөх ангийнхан” гэх зэргээр дурсан ярицгаах болов уу.
Халдварын голомтыг бүрэн хумьж, иргэдээ вакцинжуулалтад хамруулахын тулд төр, засгийн зүгээс хатуу хөл хорио тогтоож, айл өрх бүрээс шинжилгээ авч байна. Энэ бүх бодлого шийдвэрийн үр дүнд дотооддоо цар тахлын халдварыг бууруулж, аюул эрсдэлгүй болсон цагт хичээл сургуулийг танхимаар оруулахаар ажиллаж байгаа учраас 3-р сарын 1 нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан.
Монголчууд бид “Эрүүл биед саруул ухаан оршдог” хэмээдэг. Аав, ээж, ах, эгч, эмээ, өвөө нь эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, хил гааль, мэргэжлийн хяналтын албанд ажилладаг олон хүүхдүүд тэднийгээ юуны төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгааг сайн мэдэж байгаа.
Шинэ жилээр Өвлийн өвөөд захидал бичсэн олон хүүхдийн хүсэлт дунд “Коронаг манай дэлхийгээс явуулаад өгөөрэй” гэсэн чин сэтгэлийн үгтэй зурвас байсан байх…
Ертөнцийн хүүхдүүдийн энэ хүсэл удахгүй биелнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.
Би ААВ хүн.
Олон олон аавууд надтай адил эрсдэл бүхнээс үр хүүхдээ хамгаалж эрүүл байлгахыг нэн тэргүүнд үзнэ гэж итгэж байна.
Сайхан цагийг ХАМТДАА авчирч хүүхэд шуугисан их өргөөний хаалгыг нээцгээе” гэж бичжээ.