Нийслэлийг “Хүүхэд ээлтэй хот” болгоход чиглэсэн бодлого, төлөвлөлтийг уялдуулах, үүрэг хүлээгчдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй хот, орон нутаг” санаачилгыг танилцуулах уулзалт хэлэлцүүлгийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр онлайнаар зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийслэлийн засаг даргын тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Нийслэлийн нийгмийн салбар дахь байгууллагууд, 9 дүүргийн тамгын газрын холбогдох албан хаагчид оролцлоо.
Хэлэлцүүлэгт Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Сандагсүрэн, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайменс нар оролцон нийслэлийг “Хүүхдэд ээлтэй хот” болгоход хамтран ажиллахаа илэрхийллээ.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий Нийслэл дэх хүүхдийн хөгжил, хамгааллын бодлого чиглэлийн талаар танилцуулга хийж цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцож, НҮБ-ын Хүүхдийн сангийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөр болон Нийгмийн суурь үзүүлэлтүүд судалгаа, Хүүхдэд ээлтэй хот, орон нутаг санаачилгын талаар танилцуулгууд хийгдэж, оролцогчдоос санал авлаа.
2019 онд Нийслэлийн засаг дарга, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ойлголцлын санамж бичгийг байгуулсан бөгөөд энэ санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотыг “Хүүхдэд ээлтэй хот” болгоход илүү анхаарч ажиллахаар талууд санал нэгдэн төлөвлөгөөт ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.