Аливаа зүйлийг сайн, муу, сайхан, муухай гэж үнэлж дүгнэхээс өмнө тухайн зүйл нь байгаа эсэхийг лавлах хэрэгтэй. Хэрэв байхгүй бол хэдий сайн муу гэж дүгнээд, сайжруулах гэж яаж ч хичээгээд байхгүй учир засрал авахгүй нь ойлгомжтой.
Өнөөдөр бид амьдралынхаа эргэн тойрны маш олон зүйлийг яг мөн чанар нь юу вэ, яг байна уу үгүй юу гэдгийг лавлаж тодорхойлох шаардлага тулгараад байна. Яагаад тийм шаардлага үүссэн бэ гэхээр биднийг хүрээлэн байх эсвэл бидний дотор орших олон зүйл биет зүйлээс бүрдсэн эсвэл биегүй зөвхөн бидний оюунд оршиж байдаг. Гарт баригдаж нүдэнд харагдах зүйлсийг бид 5 мэдрэхүйгээрээ шалгах боломжтой ч гарт баригдахгүй нүдэнд харагдахгүй оюуны зүйлсийг байгаа үгүйг нь байвал байх ёстой хэмжээндээ, газартаа байгаа эсэхийг яаж шалгах вэ?
Монголын төр муу байна, сайн байна гэж амтай болгон ярьж байна. Гэтэл муу сайн гэж дүгнэхээс өмнө эхлээд “Төр” гэдэг зүйл Монголд байгаа юу гэж асуух нь логикийн хувьд зөв эхний алхам. Хүн төрөлхтөн энэ л замаар асууж ирсэн.
“Төр”-ийн тухай мэдлэг хүн төрөлхтөнд үүсээд 2600 гаруй жил болж, тусгай мэргэжил болон төлөвшчихөөд байхад өнөөдөр Монголд төрийн ямар мэдлэг байна вэ? Төрийн мэдлэг, онол байхгүй гэвэл төрийн тухай ярих ямар ч боломжгүй.
Хүн төрөлхтөний анхны төрийн философич гэж хүлээн зөвшөөрөгдсөн эртний Грекийн философич Аристотел “Никомакын Этикс” болон “Политикс” гэсэн 2 номоороо төр гэж юу вэ, төр яах гэж байдаг вэ, сайн төр, муу төр гэж юу вэ зэрэг гэдэг асуултуудад хариулсан байдаг.
Төр гэж юу вэ?
Аристотел онолдохдоо, аливаа төр, нийгэм гэдэг хүмүүсээс л бүрддэг учир ямар төр байх нь ямар хүмүүс байгаагаас шууд хамааралтай гэжээ.
Тэрээр бүх хүмүүсийг байгаа мөн чанараар нь 4 ерөнхий бүлэгт хуваасан байдаг.
1. “The Virtuous (The Virtue)” буюу эрдэмтэй, моралтай хүмүүс. Эдгээр хүмүүс бол аливаа зүйлийг ядаж цөхөх зүйлгүй хамгийн сайн хийж чаддаг нийгмийн охь болсон, зөвийг (Human Right) эрхэмлэгч хүмүүс байдаг.
2. “Continent” (өөрийгөө засаглагч – self-disciplined, self-governed, righteous) буюу муугаас зайлсхийж сайныг хийхийг хичээдэг ч үр дүн нь сайн муу ээлжилдэг хэсэг. Эдгээр хүмүүс нь Аристотелийн тодорхойлсоноор зөвийг эрхэмлэгч, “өөрийгөө засаглагч” байдаг.
3. “Incontinent” буюу муугаас зайлсхийхийг хичээдэг ч эцэстээ шантарч муугаасаа салж чаддаггүй, эрдэм, морал сул хүмүүс.
4. “ The Vicious (The Vice)” буюу мууг мэдээд, хүсээд хийдэг ба түүнээсээ таашаал авдаг хүмүүс.
Нэгдүгээр бүлгийн эрдэмтэй, моралтай хүмүүсээр удирдуулсан төрийг тэрээр “Үндэстний сайнуудын засаглал буюу “Аристокраси” (Aristocracy гэдэг нь эртний Грек хэлээр Аристо=хамгийн сайн Краси=засаглал) гэж нэрлэсэн. Аристократууд аливаа нийгмийн охь, цөм байх ба тооны хувьд цөөн байдаг. Аристократууд дундаасаа хамгийн сайн, шилдэгээ моралын билэг тэмдэг болгон сонгож удирдуулах засаглалыг Моноарки (Monarchy буюу үндэстний удирдагчийн засаглал) гэж нэрлэсэн.
Харин хоёр, гуравдугаар бүлгийн хүмүүс нийгмийн дийлэнх олонхийг эзэлдэг учир Демокраси буюу ард түмний засаглал (Ардчилал) гэжээ. (Democracy гэдэг нь эртний Грек хэлээр Демо=ард түмэн, краси=засаглал, ард түмний засаглал)
Аристотел “Хамгийн Шилдэг Төр”-ийн талаар онолдохдоо: “Үндэстний удирдагчийн засаглал+үндэстний сайнуудын засаглал+ард түмний засаглал гэсэн 3 холимог засаглалаас төрийг бүрдүүлсэн нөхцөлд л төр жинхэнэ утгаараа орших боломжтой, харин тэгж чадаагүй бол төр там болдог, хувиа хичээгчдийн хөлжих хэрэгсэл болдог” гэдгийг анхааруулсан.
Аристотелийн “үндэстний удирдагчийн засаглал” байхгүй бол “төр эзэнгүй, үндэстэн удирдагчгүй болж, хүн болгон өөрийгөө “үндэстний удирдагч” болох боломжтой хэмээн сэрүүн зүүдлэн солиорч эхэлдэг. Үндэстний удирдагч нь тухайн үндэстний хүслийн илэрхийлэл, эв нэгдлийн илэрхийлэл, эрдэм, мэдлэгийн илэрхийлэл, моралын илэрхийлэл” гэж тэрээр дүгнэсэн байдаг. Харин хулгайч, хувиа хичээгч, хамгийн шааруудын (The Vicious – дөрөвдүгээр бүлэг) засаглалыг “Tyranny” буюу дарангуйлал гэж нэрлэсэн.
Аристотел хэлэхдээ: “үндэстний сайнуудын засаглал гэдэг нь тухайн үндэстний мэдлэг боловсролтой, моралтай хүмүүсийн засаглал бөгөөд энэ засаглал байхгүй бол үндэстний эрх ашгийн төлөө амь биеэ золиослох төрийн бүтэц алдагдаж төр бол хувийн шуналын төлөө хэрэглэдэх хувиа хичээгчдийн уурхай болдог” гэж сануулсан байдаг. Яг ийм адгийн муугуудын засаглалыг “Олигархи” гэж тэрээр нэрлэжээ.
Аристотелийн “Ардын засаглал (Демокраси) гэдэг нь мухар сүсэгт автагдаггүй ухамсартай, харийг шүтэн сөгддөггүй, жалга довны үзлээс ангижирсан үндэсний ухамсартай, моралтай, нийгэмшиж чадсан үндэстний эрх ашгийг амьдралын хүсэл эрмэлзлэл болгож чадсан, хуулийн засаглалыг эрхэмлэдэг иргэдийн засаглал” гэж дүгнэсэн. Хэрэв тийм биш бол замбаараагүй засаглал ноёлоно.
“Үндэстний удирдагчийн засаглал”, “сайнуудын засаглал”, “ардын засаглал”-ын аль нэг нь дангаараа тогтсон төртэй байвал “төр” төр биш болж түмэн олон тамын амьдралаар амьдарч төр улс устан мөхдөг гэж хэлсэн байдаг.
Төрийг яах гэж бүтээсэн бэ?
Аристотел “Политикс” номондоо, хэрэв аливаа нийгэм хэт баян, хэт ядуу хүн олширвол төр, нийгэм, эх орон оршин тогтнох боломжгүй талаар сануулсан байдаг. Яагаад вэ гэхээр баян хүн бол хаана тав тух, тансаг амьдрал байна тийшээ байнга тэмүүлэх учир эх орон гэж байдаггүй. Харин ард түмэн ядуу байвал хаана амиа зогоож, амьдралаа босгох нөхцөл байна тийшээ тэмүүлэх учир бас эх орон гэж байхгүй болдог гэж сануулсан.
Тиймээс, Аристотел Никомакийн Этикс болон Политикс номоороо хүн байхын мөн чанар болон төр 2 нягт холбоотой ба “төр гэдэг бол зөвхөн хүний сайн, сайханыг цогцлоох хүсэл дээр л тулгуурлаж, нийгмийн эрдэмтэй, моралтай, мэдлэгтэй хэсгийг түшиглэн, хүний зөвийг (Human Right) дээдэлсэн цагт л төр оршин тогтнох боломжтой ба хэрэв тийм биш бол тэр төр биш зүгээр л хулгайч, дээрэмчин, худалчдын тамын засаглал болдгыг анхааруулсан.
Аристотелын хүн төрөлхтөнд сануулсан хамгийн чухал мессеж бол “Моралгүй бол хүн хүндээ дайсан хонь чоно шиг болж, муу муухай нь үндэстний соёл болж төрсөн ахан дүүс адил амьдрах боломж алдагдана шүү” гэжээ.
Философийн үндэслэлгүй төр ямар бөөлжис цутгамаар, урам хугармаар, замбараагүй, дээр нь хулгай дээрэм, амьдралын жирийн хэв журам болсон, хүний мөс чанаргүй “төр” болон “үндэстэн” болдгийг Монголчууд яс махаараа мэдрээд ханадаггүй ээ.
Хүчтэй төр”, “морал”-ийн төр байдаг гэдгийг Монголчууд ойлгож, төрөө филосфичдоор дизайн хийлгэх цаг болжээ. Конституци буюу үндсэн хууль нь морал, хүний зөв (Human Right), Dignity (Dignity буюу хүний тэнгэрлэг байдал, хүн бол хамгийн эрхэм шүү гэсэн моралын онол) зэрэг философийн суурь ойлолтуудад суурилж бичигдэх ёстой. Ингэж байж хүн хүнээрээ байж, нэг нэгэндээ ахан дүүсэг, хүнлэг байх нөхцөл бий болж хууль дөнгө биш моралтай хүмүүсийн зөвийг баталгаажуулж чадна. Хүчтэй, моралтай төр морал дээр суурилсан конституци бичигдсэн үед л оршин тогтноно.
Философичиор төр, конституцийг дизайн хийхдээ үндэсний түүх, хөгжлийн өнөөгийн түвшин, үндэстний хийж бүтээх, хүрэх гэсэн хөгжлийн хүсэл эрмэлзлэлийг үндэслэж хийдэг болохоос хуульч нэртэй нөхдүүдийн жирийлгэн бичсэн хуулийн заалт биш.
Гэтэл өнөөдөр Монголд үндсэн хуулийг баталсанаас хойш хорь гаруй жил боллоо, өөрчлөх цаг нь болсон хэмээн төрийн түшээд нь ярьж сууна. Конституци гэдэг жил болгон сольдог дулааны, бохирын турбанаас тэс ондоо зүйл гэдгийг ялгаж чадаагүй төрийн түшээтэй төр ямар төрийн ангилалд багтахыг бодоод үзээрэй. Конституцийг өөрчлөх болсон гэвэл ард түмний хүсэл эрмэлзэл, хөгжлийн төвшин зэрэг чухал факторуудад өөрчлөлт гарсан уу, цаашид хийж бүтээх, хүрэх цэг өөрчлөгдсөн үү гэдгийг харгалзэж үзэхээс биш батлагдаад хэдэн жил болчихлоо, одоо үмхийрхээс нь өмнө өөрчилье гэж ярина гэдэг ямар харанхуй хэрэг вэ.
Аристократ буюу хамгийн моралтай, эрдэмтэй хүмүүс хаана байна вэ?
Монголд ер нь төр байна уу? Төр байгаа гэвэл ямар төрийн онол, мэдлэг байна вэ? Хэрэв байхгүй гэвэл сайн, муу гэж тодотгох боломжгүй. Хэрэв сайн төр байхгүй гэж дүгнэж байгаа бол Аристократ буюу хамгийн моралтай, эрдэмтэй, мэдлэгтэй хүмүүс байхгүй болж таарна. Аристотелийн хэлсэнээр эх орон бол эрдэмтэй, моралтай, мэдлэгтэй, нандигнах зүйлтэй хүмүүст л хэрэгтэй ба ийм хүмүүс байхгүй болоход эх орон гэх ойлголт бас устан алга болдог гэжээ. Яагаад гэхээр The Vicious буюу хувиа хичээсэн, хулгайч адгийн муу нөхдүүд төрийн нэр барьж хулгай дээрэм хийж хөлжих ба хаана тансаг амьдралыг худалдаж авч болно тийшээгээ хулгайлсан мөнгөө аваад алга болж өгнө. Харин хамаг хөрөнгөө дээрэмдүүлэн үлдсэн ард түмэн (Демокраси) хармай хоосон, ядуу учир хаана өл, амь залгуулж болно тийшээгээ хамаг эхнэр хүүхдээ аваад явж өгнө. Ямар ч нандигнах зүйл үлдэхгүй. Морал, эрдэм зэрэг философийн, хүн байхын суурь ойлголтууд хогийн саванд хаягдсан өнөөгийн нөхцөлд яг ямар эх орон ярих вэ? Миний эх орон сайхан, үзэсгэлэнтэй гэж зөвхөн байгалийн өнгөн төрхийг л хэлсэн яасан оюуны хэмжүүр нь гүехэн хүмүүс вэ? Тийм бол бүх дэлхий үзэсгэлэнтэй биш үү?
Монголд өнөөдөр маш олон асуудал байна. Яагаад шийдэгдэхгүй байна вэ гэдэг бол асуултаа буруу тавьж, асуудлаа буруу харсантай л холбоотой. Асуухад бас мэдлэг хэрэгтэй.
Хэрэв Монголчууд “Төр” гэдэг бүтээгдэхүүнээ муу хийж байна гэвэл төрийн тухай мэдлэг байхгүйгийн шинж. Засаглал муу байна гэвэл засаглалын мэдлэг байхгүй байгаатай л холбоотой.
“Моралтай Монгол” Сан