Монголчууд найм биш дөрөв, бүр хоёр хувийн хүүтэй ипотекийн зээл авч орон сууцтай болох бүрэн боломжтой байсныг ХХБанкны бүлэглэл үнэндээ “сахал” Эрдэнэбилэг гэгч эрхэм үгүй хийчихсэн байж. Одоо энэ асуудлаар том маргаан үүсэж байна. Монголд хамгийн өндөр ашигтай ажилладаг МИК-ын харьяат хуульч, эдийн засагчид мэдээж өөрсдийгөө өмөөрөөд эхэлчихлээ. Монголын ипотекийн корпорац буюу МИК нь дороо тусгай зориулалтын 29 охин компани бүхий хувийн өмчит байгууллага болсон. “Сахал” Эрдэнэбилэг яагаад ийм олон охин компанийг МИК-ын харьяанд үүсгэсэн байна вэ?
-Тэгээд энэ асуултад хариулт хайлаа. МИК бол ипотек буюу моргэйжийн салбарт хоёрдогч зах зээл дээр иргэдийн орон сууцаар баталгаажсан үнэт цаас гаргаж, урт хугацаатай, хүү багатай зээлийн эргэлтийг бий болгох зорилготой арилжааны 10 банкны дунд анх байгуулагдсан бүтэц.
Монголд урт хугацаатай, хямд санхүүгийн эх үүсвэр маш чухал боловч өнөөдрийн МИК –д олон улсын стандартад нийцэж, ипотек гаргаж хоёрдогч зах зээл дээрээс мөнгө босгох ямар ч боломж байхгүй юм. Яагаад гэвэл манай улсын Үндсэн хуулийн 16.3-т үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой аливаа асуудлыг ШҮҮХ-ээр зохицуулахаар заасан байдаг. Ийм заалт байгаа тохиолдолд МИК олон улсын зах зээл дээрээс мөнгө босгох, татах ямар ч боломжгүй гэсэн үг. Учир нь олон улсын стандарт моргэйж буюу ипотек нь шүүхийн бус журмаар зохицуулагддаг системтэй. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгө барьцаалах нь заавал шүүхээр зохицуулагдах учраас гаднын хөрөнгө оруулагчид МИК-ын гаргасан үнэт цаасыг яагаад ч авахгүй. Хэрвээ МИК үнэхээр стандартын дагуу ажилладаг байсан бол маш бага хүүтэй зээл оруулж ирэх бүрэн боломжтой л доо. Ингэж огт чадаагүй юм.
Тиймээс Засгийн газар, Монгол банкнаас орон сууцны зориулалтаар иргэдэд гаргаж буй маш бага хувийн хүүтэй зээлийг багцалж авахын тулд л тусгай зориулалтын тэдгээр олон охин компанийг үүсгэсэн байгаа юм. Тэгээд эдгээр компаниудаараа дамжуулан санхүүгийн маш нарийн маниупуляцыг хийж иржээ.МИК-ынхан өнөөдөр бид олон айл өрхийг орон сууцжуулсан гэж байна. Тэгвэл иргэдийг орон сууцжуулах асуудал яг үнэндээ Засгийн газрын буюу төсвийн ажил шүү дээ. Олон улсын жишгээс харахад энэ ажлыг төр, засаг нь л хариуцсан байдаг юм билээ. Монголд харин эсрэгээрээ Засгийн газар биш Монголбанк эхлүүлсэн байдаг. 2013 онд Монголбанк мөнгө хэвлэж, арилжааны банкнуудаар дамжуулан 4.9 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг иргэдэд олгосон. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын орон сууцны зээлийн нийт багц 5 их наяд төгрөгт хүрсэн гэж байна. Энэ их мөнгөн дээр л санхүүгийн “илбэчин” “сахал” Эрдэнэбилэгийн толгой ажиллаж байна. Энэ их мөнгөн дээр МИК ажиллаж байна.
Бодоод үз дээ! Монголын бүх арилжааны банкууд ипотекийн зээл олгож байхад МИК тэдэнтэй яг адил үйл ажиллагаа эрхлэх шаардлага байсан гэж үү? Арилжааны банкууд өөрсдөө ипотекийн зээл гаргадаг хэрнээ яагаад дундаа МИК хэмээх зээлийн шинэ бүтцийг бий болгож байгаа юм!!! Шуудхан хэлэхэд ашиг, зардлыг нэмэгдүүлж , мөнгө хүүлж (иргэдийг шулж)олсон ашгаа хувааж авахын тулд л энэ бүтцийг байгуулсан юм биш үү!!! Шадар сайдын хэлснээр МИК нь Монголбанкнаас 1 хувийн эх үүсвэр авч иргэдэд болохоор 6 хувиар, 4 хувийн эх үүсвэрийг авчихаад иргэдэд 8 хувиар зээл олгож ирсэн байдаг юм. Шадар сайдын мэдэгдлийн дараа МИК-аас “…манайх зээл олгодоггүй, зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэггүй, иргэдээс шимтгэл, хураамж авдаггүй…маш их алдагдалтай ажилладаг…” энэ тэр гэсэн тайлбар хийж гоншигносон байсан. Санхүүгийн нарийн заль мэхээ хэр баргийн хүн ойлгохгүй гэж тэд боддог бололтой. МИК байдаггүй бол тэдний авч буй шимтгэлийн хэмжээгээр орон сууцны зээлийн хүү багасах байсан юм. Монголбанкны дэд ерөнхийлөгч хэмээх нэг бацаан МИК-ыг өмөөрч, “…Төв банкнаас гаргаж буй орон сууцны зээлийн эрсдлийг хэн нэгэн нь даах ёстой шүү дээ. Тэр нь МИК…” хэмээн “хуцаж” байна билээ. Олон улсын зах зээл дээр хамгийн эрсдэлгүй зээлд ипотекийн зээл ордог гэдгийг тэр бацаан мэддэггүй байна гэж баймгүй. Зээлээ төлөхгүй бол барьцаанд байгаа байраа буцаагаад л авчихдаг шүү дээ.
Ер нь Монголбанк Н. Золжаргалын үеэс ХХБанкны “хараат” болсныг олон баримт гэрчилнэ. Энэ бүхэн эртнээс эхэлсэн санхүүгийн манипуляц. 2012 онд ХХБанкны тэргүүн дэд захирал байсан Н.Золжаргалыг “Сахал” Эрдэнэбилэг нарын лоббигоор Монголбанкны Ерөнхийлөгч болгосон гэдэг нь үнэн. Тэр төв банкинд очмогцоо үнэ тогтворжуулах хөтөлбөр гэгчээ хэрэгжүүлж Монголын эдийн засагт асар ГАМШИГ тарьсан. Барилгын материал үйлдвэрлэгчдэд 2 их наядын хөнгөлөлттэй зээл олгосноор үнэ тогтворжихын оронд орон сууцны үнэ 2 дахин өсч, төгрөгийн ханш төдий хэрээр унасан шүү дээ. Яг энэ үеэс эхлэн Монголын орон сууцны зах зээл МИК-аар дамжин ХХБанк буюу Эрдэнэбилэгийн хяналтад орсон юм.
Тэр Төв замын урд сүндэрлэдэг, 27 тэрбум төгрөгөөр босгосон ХХБанкны шилэн барилгынхаа 11-12 давхарт Хөгжлийн банкыг байршуулахдаа шууд 27 тэрбум төгрөгөөр зарж барилгынхаа өртгийг олоод авчихсан сүйхээтэй эр. Мөн тус барилгынхаа 10 дугаар давхрыг МИК-д 15 тэрбумаар шахчихсан юмдаг. Мөнгөгүй ашиггүй гэгддэг МИК нь түүний өөрийн мэдлийн NNC (Блүүмбэрг ТВ, ЗГМ сонин, Форбес сэтгүүл багтдаг) –ээс эхлээд олон бизнесийг нь тэтгэдэг. МИК Монголбанктай нийлэн хэрхэн санхүүгийн манипуляц хийж байгааг Монголын эдийн засагчид, мэргэжлийнхэн одоо үнэн байдлаар нь хэлэх, илчлэх цаг болсон байх аа!
Ш.Даваадорж