Хөгжлийн банкны нийт чанаргүй зээлийн гуравны нэг буюу 800 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр Төрийн өмчит компаниудад ногдож байгаа. Энэхүү төрд хамаарах өрийн хамгийн том зээлдэгчдийн 600 орчим тэрбум өрийг барагдуулах тухай Засгийн газрын тогтоол гарчээ. Ингэхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг гаргуулахгүй, төрийн өмчийн компаниудын дотоод нөөц бололцоог ашиглаж төлөхөөр шийдвэрлэжээ.
- “Буянт ухаа-1”, “Буянт ухаа-2” хорооллыг санхүүжүүлэх зорилгоор үүссэн 143 тэрбумын өр төлбөрийг ТОСК-иас үнэт цаас гаргаж Хөгжлийн банканд эзэмшүүлж шийдэхээр болжээ.
- Эрдэнэс Тавантолгой компанийн 85 хувийг төр, 15 хувийг иргэд 1072 хувьцаагаар дамжуулан эзэмшдэг. Тэгвэл Төрийн эзэмшлийн 85 хувьд ногдох хувьцааны ногдол ашгаар Эрдэнэс Монгол компанийн 117 тэрбумын өрийг шийдвэрлэхийг компанийн ТУЗ-ийн дарга Б.Энх-Амгаланд үүрэг болгосон бөгөөд иргэдийн 1072 хувьцаанд энэ нь хамааралгүй юм.
- МИАТ ТӨХК-ийн “Boeing 767-300ER” онгоц худалдан авахад үүссэн өрийг тус компанийн хувьцааг Хөгжлийн банканд эзэмшүүлэх замаар шийдвэрлэнэ.
- Төрийн өмчийн бусад компаниудын хувьд өр төлбөрийн асуудлыг төсвөөс мөнгө зарцуулахгүй, дотоод нөөц бололцоогоор санхүүжүүлэх бусад механизмуудыг хэрэгжүүлж ажиллана.
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн дийлэнх хэсгийг ийнхүү шийдвэрлэсээр банкны үйл ажиллагаа, зээлжих зэрэглэл сайжирч, олон улсад нэр хүнд өсөх, цаашлаад Засгийн газрын баталгаа бүхий “Самурай” бондын төлбөрийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулах юм гэж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул тайлбарласан.
Монгол улсын Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй, зээлийг зориулалтын бусаар ашигласан, зээлийн гэрээ зөрчсөн зээлдэгчдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулах, төрд учирсан хохирлыг нэхэмжилж барагдуулах, гэм буруутай этгээдэд хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэх бүхий л арга хэмжээг зохих журмын дагуу авч хэрэгжүүлэхийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, ТӨБЗГ /Б.Цэнгэл/, Хөгжлийн банкны ТУЗ /Ж.Ганбат/ нарт даалгасугай гэж Засгийн газрын тогтоолд дурджээ.