Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталсантай холбоотойгоор өнөөдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ.
Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг “Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 16 насанд хүрсэн 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдахаар заасан. Харин Үндэсний бөх, хурдан морь, сурын болон шагайн харвааны цол, чимэг олгох тухайд бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь допингийн шинжилгээгээр тогтоогдсон бол уг шинжилгээний хариу гарсан өдрөөс хойш гурван хоногийн дотор шинжилгээний хариу батламжийг үндэслэн тухайн бөхийн улсын цолыг хураалгах саналыг зохион байгуулах хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн саналыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор зарлиг гаргаж, тухайн бөхөд олгосон улсын цолыг хураахаар хуульд тусгасан” гэсэн юм.
Хурдан морины тухайд Монгол үүлдрийн морины санг бүрдүүлж дуустал дүрмээр зохицуулахаар болсон. Тус дүрэмд хурдан морийг сэрвээний өндөрөөр хэмжихээр заасан бөгөөд ингэхдээ телевиз болон цахим хуудсуудаар шууд дамжуулж, олон нийтэд нээлттэй байдлаар зохион байгуулахаар болсон талаар Хурдан морины салбар хорооны дарга Д.Ганхуяг мэдээллээ.
Хуульд баяр наадмын брэнд хөтөч, өнгө төрхийг шинээр баталсан. Үүнтэй уялдуулан баяр наадмын үеэр орон даяар нэг нэр нэршил, брэнд өнгө төрхтэй байх чиглэлийг хүргүүлж ажиллахыг Соёлын яаманд даалгасан. Энэхүү ажлын хүрээнд баяр наадмын брэнд хөтөч, өнгө төрхийг албажуулан 21 аймаг, 9 дүүрэгт хүргээд байгаа талаар Урлаг соёлын арга хэмжээний салбар хорооноос мэдээлсэн юм.
Энэ үеэр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын тасалбар болон автомашины зогсоолын зөвшөөрлийг 7 дугаар сарын 1-3-нд худалдаж дууссан бол худалдаа үйлчилгээ гаргах зөвшөөрлийг хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс Ulaanbaatar.mn цахим хаягаар зөвхөн аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг хүлээн авч, олгож буйг нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэсийн дарга И.Баатархүү мэдээлэв.
Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил 85 хувьтай байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу хангагдаж байгаа талаар салбар хороодын дарга нар танилцуулсан юм.