Дэлхий нийтээрээ байгалийн гамшигт үзэгдлүүд нэмэгдсэнтэй холбоотойгоор болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн бэлэн байдлыг хангах тал дээр олон улс анхаарч ажиллах болсон.
Тэр дундаа Ази номхон далайн бүс нутгийн улс орнууд нь гамшигт өртөмтгий бүс нутаг учраас 2 жил тутамд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Ази, Номхон далайн бүс нутгийн сайд нарын бага хурлыг зохион байгуулдаг билээ. Энэ жил тус хурлыг Австрали улсын Брисбен хотод зохион байгуулахтай холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смитийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улс тус хурлыг 2018 онд өөрийн оронд зохион байгуулж байсан бөгөөд 51 орны 3500 орчим зочид, төлөөлөгч оролцож байсан билээ. Энэ удаагийн хурлаар гамшгийн бэлэн байдал, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх, гамшигт тэсвэртэй дэд бүтэц, даван туулах чадавхтай олон нийт гэсэн үндсэн гурван тулгуур сэдвийг онцлон хэлэлцэх юм. Бага хурлын үеэр үндсэн, сэдэвчилсэн, салбар хуралдаан, чөлөөт индэр, үзэсгэлэн болон бусад арга хэмжээ зохион байгуулах юм. Шадар сайд С.Амарсайхан тус хуралд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчөөр оролцохоо илэрхийллээ.
Мөн энэ үеэр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хийгдсэн ажлууд болон, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх асуудлаа олон санал солилцсон юм.