Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн захирамжаар “MARS-V” төслийн асуудлыг судалж, зохих арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулсан.
Хорь гаруй салбарын төлөөллийг оролцуулсан тус ажлын хэсэг нь Марс гарагт судалгаа хийх багийг Монголын говьд бэлтгэх сургалтын төв байгуулахад холбогдох салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд өнөөдрийн хуралдаанаар удирдамж, төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа.Хурлын эхэнд “MARS-V” төслийн санаачлагч С.Эрдэнэболд, “Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Амгаланбаяр нар төслийн явц, ач холбогдлын талаар танилцуулав. “Монголын говийн цаг уур, хөрс, орчин нөхцөл Марс гараг дээрхтэй төстэй учраас сансар огторгуйд аялах боломж зөвхөн сансрын нисгэгчид бус, хүн бүрт нээлттэй байх боломжтой гэдгээрээ онцлог. Байгаль цаг уурын ийм ховор зохилдлого зөвхөн Монголын говьд байгаа нь алдаж болохгүй боломж бөгөөд энэ бол манай улсын аялал жуулчлалын хөгжил, эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан гээд бүхий л салбарт үнэтэй хувь нэмэр оруулах төсөл” хэмээн тэд онцолсон юм.
Шадар сайд С.Амарсайхан “Монголын говийн цаг уур, экосистемийн өвөрмөц тогтоц, газар зүйн онцлог, нөөц боломжийг сансрын шинжлэх ухааны судалгааны эргэлтэд оруулах, улмаар аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэхүү төсөл чухал ач холбогдолтой тул Засгийн газраас бүх боломжоороо дэмжиж ажиллах болно. Монгол Улс бүс нутгийн орнуудад төдийгүй олон улсад эзлэх байр сууриа шинжлэх ухааны салбарын хөгжлөөр илэрхийлэх гарцыг нээх төсөл хөтөлбөр учраас салбарын яамд, их дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид, удирдлагуудыг хамруулсан томоохон ажлын хэсгийг байгуулсан. Төлөвлөгөөний дагуу ажлын хэсгийн гишүүд хариуцсан салбаруудынхаа ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, олон улсын байгууллагуудын хамтарсан туршилт, судалгаа шинжилгээгээ эхлүүлэх бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэй” хэмээгээд амжилт хүслээ.