“Манай улсын нийт хүн амын 34.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.Хөдөлмөрийн насныхны 50 хувийг залуучууд эзлэх боллоо. Эдгээр тоо баримт “Монгол залуучуудын орон” гэсэн ойлголт үнэлэмжийг баталгаажуулахын зэрэгцээ манай улсын хөгжил дэвшлийн ирээдүй дээсэн дээр дэнжгэнэж байгааг нотолж буй хэрэг. Залуучуудын 50 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байна.
2016 оны Монгол Улсын хүний хөгжлийн илтгэлээс харахад, залуу гэр бүлүүдийн 60 орчим хувь нь эцэг эхтэйгээ хамт амьдарч байна. Ажилгүй залуучуудын амьдрал дэвжин дээшлэхгүй. Энэ утгаар нь авч үзвэл улс орны ирээдүй залуучууд нийгмийн хамгийн эмзэг хэсэг боллоо” гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлснийг энд дурдъя. Мөн БСШУСЯ-наас гаргасан судалгаагаар их, дээд сургууль төгсөгчдийн 20 гаруй хувь нь сургууль төгссөн жилдээ ажлын байртай болдог бол үлдсэн 80 хувь нь ажилгүйчүүдийн эгнээнд элссээр байгааг хэлдэг.
Удахгүй нийслэлийг зорих оюутнуудын арми орж ирнэ. Шинэ, хуучин нийлсэн оюутнуудын ачаар нийслэлийн нийтийн тээвэр жинхэнэ утгаараа амь орж гудамж талбайд хөл гишгэх зайгүй ачаалал үүснэ. Ийм дүр зураг бүтээгчдийн дийлэнх хэсгийг малчдын хүүхдүүд бүрдүүлж байна. Мэдээж тэдний буруу байхгүй. Хоолны газрын шал арчихад хүртэл дээд боловсрол шаарддаг болсон утгагүйрлийн уршиг малчдын хоттой малыг банкинд “байршуулж” хүүхдүүдийг нь дипломын гол болгожээ.
Дээд боловсролтой болохыг эрмэлздэг тэд хөдөөгөөс сум, сумаас аймаг, аймгаас хотод амьдрах нь илүү хэмээн сэтгэж үүний балагт орон нутаг эзгүйрэхэд ойрхон болсныг бууриа сахих хөгшчүүл учирладаг. Хаа хаанаа үрэгдэж буйн бодит жишээ энэ буюу. Үүнд залуусыг буруутгах аргагүй. Тэд хэдэн малынхаа буянаар нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудыг санхүүжүүлж, дөрвөн жилийн хугацаанд хэдэн сая төгрөг хийсгэдгийг нарийн гаргаж хэлэх боломжгүй.
Тойм зардлыг нь жагсаахад л 30-50 сая төгрөгийг оюутны ширээний араас дөрвөн жилийн туршид цацаж дуусгадгийг мэдэж болно. Суралцаж буй сургуулийнхаа мөнгөний авдрыг хоттой малаараа дүүргэдэг мянга мянган залуусын нийслэлд суралцах хугацаандаа халааснаасаа гаргаж байгаа төлбөрийн үр ашигт хэн хариуцлага үүрэх ёстой вэ. Малаа махалж, ноолуураа самнаж, байдгаа барсан эцэг эх үү, “ажилтай болно” гэх чихэр долоолгоод сая саяар нь төлбөр авсан сургуулийн захирлууд уу. Угтаа бол 00-д бие засахад хүртэл бүрэн үйлчилгээ үзүүлдэг болсон цаг.
Гэтэл жилийнхээ төлбөрт 1.6-3.5 сая төгрөгийг дунджаар төлж буй оюутан дөрвөн жилд 6.4-14 орчим сая төгрөгийг зарцуулна. Энэ бол зөвхөн нэг л оюутны төлбөрийн дундаж хэмжээ. Үнэхээр ийм өртгөөр дээд боловсрол авсан оюутанд ажлын байрыг нь олж, зуучлах үүргийг захирлууд яагаад хүлээхгүй байна вэ. Тэд нийгмийн бүхий л салбарт ажиллах хүч бэлдэж, мэргэжилтэй ажилчид нийлүүлэх төлбөрөө хангалттай авсан баймаар. Энэ хичээлийн жилээс эхэлж их, дээд сургуулиудын захирлуудыг үүрэгжүүлж төгсөгчдийнхөө өмнө хариуцлага үүрдэг болгоё. Ийм тогтолцоо байхгүйгээс дээд боловсролтой, ажилгүй залуусын цуваа хөвөрсөөр.
ОРОН НУТАГТ АЖИЛЛАХ ЗАЛУУСЫН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДЬЕ
Үндэсний статистикийн хорооны Ажиллах хүчний судалгааны дүнгээс харахад, ажилгүй иргэд Баруун бүсэд 21 мянга, Хангайн бүсэд 29 мянга, Төвийн бүсэд 19 мянга, Зүүн бүсэд 10 мянга, Улаанбаатарт 46 мянга гаруй залуус байгааг дурджээ. Эдгээр залуусыг хэрхэх вэ. Аравтын системд хуваагаад нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа, ажил хөдөлмөрт дайчлах уу нэгдсэн зохион байгуулалтад оруулахгүйгээр гэр гэрт нь оторлоод суулгах уу гэдэгт бодлого хэрэгтэй байна.
Хөдөлмөрийн насны хүн ам нь хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй, бүтээмжтэй оролцох нь улс орны эдийн засгийн болон өрхийн амьжиргааг хамгаалж, хүний хөгжлийг тогтворжуулж, макро эдийн засгийн урт хугацааны хөгжлийг хангадаг гэлцдэг. Тэгвэл бодлогын хувьд ямар чиг баримжаа, шугам барьж байгааг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас лавлав.
Засгийн газрын 2016 оны 320 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтууд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг дэмжих, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлжээ.
Бүтээн байгуулалтын томоохон ажлуудад 260 гаруй мянган ажиллах хүчний хэрэгцээ бийгэсэн судалгааг мөн хийжээ. Ажиллах хүчний хэрэгцээний 17.5 хувь нь шинэ ажлын байр, 82.5 хувь нь одоогийн ажлын байран дээрээ ажиллахаар байна гэдгийг тооцсон гэнэ.
Ажиллах хүчний хэрэгцээ шаардлага бий эсэхээс харахад, ойрын гурван жилд боловсрол, урлаг, спортын салбарт 146.655, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 65,850, барилгын салбарт 29.088, уул уурхай олборлолтын салбарт 10.748, эрчим хүчний салбарт 3.095 мянган ажиллах хүч хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулсан байна. Тэгэхээр бидэнд ажилгүй залуусаа зөв газар, зөв салбар руу нь хуваарилах бодлого дутаж байна. Мал аж ахуй, газар тариалангийн бүсүүдэд шинээр ажлын байр, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, сургууль, цэцэрлэг, зам барилгын хэрэгцээг хангах чиглэлд анхаарахгүй бол хоёр жилийн дараа ч байдал дээрдэхгүй, дээд боловсролтой залуус ажилгүйчүүдийн тоог тэлсээр байх болно.
Манай улсын эдийн засгийн голлох салбар бол мал аж ахуй. Улс орны эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, экспортын орлогод чухал байр суурь эзэлсэн хэвээр байгаа. Хөдөө аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг үйлдвэрлэж, хүн амын хүнсний хангамж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийн гол тулгуур болж байна. Үүнээс мал аж ахуйн саЛбар нь хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 87 орчим хувь, экспортын нийт орлогын арав орчим хувийг бүрдүүлж, улсын нийт хүн амын гуравны нэг нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьдардаг.
Мөн улсын хэмжээнд нийт ажиллагсдын 31 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна гэх мэт тоон мэдээлэл энэ салбарын тойм үзүүлэлт. Ажиллах хүчний боломж, нөөц хангалттай байгаа энэ эерэг үзүүлэлтээ ашиглан залуусыг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд татан оролцуулъя. Тэднийг бодлогоор болон баг болон ажиллах суурь нөхцөлийг нь бүрдүүлье. Сургалт, гарааны бизнесээ эхлэхэд нь мэдлэг олгоё.
Өөрөө өөртөө ажлын байр бүтээдэг байх сэтгэлгээг нь хөгжүүлье. Ингэж чадвал мал аж ахуйн салбар оюутны зээл төлөхөд л ашиглагддаг банкны барьцаа биш болно. Ингэж чадвал мал аж ахуй дагасан ажлын байр нэмэгдэнэ. Хөдөөгийн залуус орон нутагтаа хөдөлмөрөө шингээдэг тогтолцоо хөгжвөл нийслэлийг зорих ажилгүй залуусын тоо цөөрөх гоё цаг удахгүй ирнэ.