Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодын Засаг дарга, удирдлагууд оролцсон “Шинэ сэргэлтийн бодлого-анхан шат 2023” зөвлөлдөх уулзалт анх удаа боллоо.
Тус уулзалтын хүрээнд “Амар тайван аюулгүй нийгэм” салбар хэлэлцүүлгийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан бүх шатны засаг дарга нар болон холбогдох албаныхантай хамтран өрнүүллээ.
Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын “Амар тайван аюулгүй нийгэм” зорилтын хүрээнд Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кибер аюулгүй байдлын тухай хуулийг батлуулж, Шүүх шинжилгээний ерөнхий газрыг байгуулсан.
Монгол Улс 2022 оны байдлаар Энх тайвны үзүүлэлтээр 163 улсаас 42 дугаарт, Даяаршлын үзүүлэлтээр 208 улсаас 79 дүгээрт, үндэсний кибер аюулгүй байдлын үзүүлэлтээр 188 орноос 130 дугаар байранд эрэмбэлэгдээд байна.
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн харьяалалд “Эрдмийн сургууль”-ийг байгуулж, Цэргийн нэгдсэн дээд сургуулийн сургалтыг дөрвөн жилийн тогтолцоонд шилжүүлэн, оюутан цэрэг, цэргийн бэлтгэл үүрэгтэн бэлтгэх тогтолцоог бэхжүүлж, зэвсэгт хүчний Туршилт, судалгааны төвүүдийг байгуулах замаар батлан хамгаалах чадавхыг сайжруулж байна. Улс орныг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцож, Зүүнбаян-Ханги, Богдхан төмөр зам, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэв.
Мөн хилийн цэргийн байгуулалтыг хөгжүүлж, бүс нутгийн онцлогт тохирсон хил хамгаалалтын тактикийг шинэчлэн, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлж эхэлснээр улсын хилийн зөрчил 27.0 хувиар буурсан байна. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлснээр гэмт хэргийн илрүүлэлт 2021 онд 58.9 хувьтай байсан бол 2022 онд 70.0 хувь болж өслөө. Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл, 21 аймаг, 9 дүүрэгт “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийг байгуулж, НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад нэгдэн, Агаараас эрэн хайх, аврах анги байгуулагдаж, олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцов.