Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, агаарын бохирдлыг бууруулах төсөл арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттай арилжаалах асуудлыг хуралдаанаар хэлэлцэв.
Энэхүү үнэт цаасаар санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын хувьд нийслэлийн төсвийн хөрөнгөөр он дамжин хэрэгжиж буй сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээг дуусгах санхүүжилтэд 45.8 тэрбум төгрөгийг зарцуулах аж. Мөн 14.4 тэрбум төгрөгийг инженерийн дэд бүтцийн хүртээмж, авто зам, замын байгууламжийн сүлжээг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх бол, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад 177.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ. Харин Сэлбэ, Дунд голын дагуу үерийн гамшгаас сэргийлж, далан байгуулах, Улаанбаатар хотын авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулж, түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй Сэлбэ сэргэлт төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажилд 150 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн. Цахилгаан дулаан түгээх сүлжээ, цэвэр, бохир усны шугам болон хаягдал ус зайлуулах, үерийн далан сувгийн барилга барихад 14.3 тэрбум төгрөг, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн цахилгаан хангамжийн хоёрдугаар ээлжийн барилга угсралтын ажилд 13.2 тэрбум, Багануур үйлдвэр технологийн паркийн ерөнхий цахилгаан хангамжийн ажил 1.1 тэрбум төгрөгийг тус тус тусгажээ.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулга хийлээ. Тодруулбал, дээр дурдсан 177.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг тайлбарласан юм. Сайд Б.Чойжилсүрэн БНХАУ-аас 115 мянган тонн хагас коксын түлшийг экспортолж, 2023 оны 12 дугаар сарын 15-наас хойш нэг жилийн хугацаанд сайжруулсан түлш үйлдвэрлэж, хэрэглэх саналаа танилцуулсан юм. Тэрбээр “….Сайжруулсан түлшинд хэрэглэж байгаа мидлингийг хагас коксоор сольж үйлдвэрлэнэ. Харин хагас коксыг БНХАУ-аас импортлох юм. Хагас коксжсон түлшийг хэрэглэснээр агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс хоёр дахин бууруулна” гэлээ. Улмаар ирэх жилээс 600 мянган тоннын хүчин чадалтай хагас коксжих нүүрсний үйлдвэрийг Багануурын нүүрсний уурхайг түшиглэн барина гэсэн юм.
Нийслэл 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван сая ширхэг үнэт цаасыг арилжаалж, ₮500 тэрбумыг татан төвлөрүүлнэ
Нийслэл хот 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5,000,000 (таван сая) хүртэлх ширхэг нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд, өрсөлдөхүйц нөхцөлтэйгөөр гаргаж арилжаалахыг Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчдийн олонх нь дэмжлээ. Улмаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр нийслэлийн төсөвт туссан төсөл, арга хэмжээг санхүүжүүлж, зарцуулалтад хяналт тавих, үнэт цаасны хүү болон үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг нийслэлийн төсөвт тусган хуваарьт хугацаанд төлж барагдуулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгасан юм.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ