Өнгөрөгч долоо хоногт ЗТХЯ-тай холбоотой асуудлууд олон нийтийн анхаарлын төвд байлаа. Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагийн шөнө тус яамны өндөр албан тушаалтангууд ажлын байрандаа архидан согтуурч улмаар нэг нэгнийхээ амь насанд хүрсэн ноцтой гэмт хэрэг гарсан юм.
Нас барсан залуу эхнэр дөрвөн нялх хүүхдийн хамтаар амьдардаг байсан талаар эх сурвалжууд мэдээллээд буй билээ. Тэгвэл талийгч залуугийн найз Т.Сайнжаргал хэргийн газар чухам юу болсон талаар хэлэхдээ сэжигтэн Г.Махбал нь талийгч залууг гурван цагийн турш хэрцгийгээр зодсны улмаас амь насаа алдсан хэмээн мэдүүлжээ.
Энэ хэрэг намдаж амжаагүй байтал өчигдөр өглөө Улаанбаатараас Сайншанд чиглэлд явсан галт тэрэг осолдож, олон хүн бэртэж гэмтсэн юм. Дорноговь аймагт үргэлжилсэн усархаг бороо орсноос төмөр замын дэр мод муудаж, галт тэрэг замаас гарч, осолдоход хүрсэн гэсэн дүгнэлтийг албаныхан гаргаад буй билээ.
Энэ мэт хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой хэд хэдэн асуудлууд ЗТХЯ-ны хариуцлагагүй байдлаас болж гараад байгаа юм. Эдгээр асуудлуудад тус яамны холбогдох албан тушаалтангууд ямар хэмжээ авч, өөрсдийн хариуцлагагүй байдалд хэрхэн хандах нь олон нийтийн анхаарлыг татаж байлаа.
Тэгвэл өчигдөр тус яамны сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар өөрсдийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өгч буйгаа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Дэд сайд Б.Цогтгэрэл: “Засгийн газрын хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Манай зам тээврийн яаман дээр гарсан хүн амины ноцтой хэргийн талаар танилцуулга хийлээ. Мөн өнөөдөр болон урд аймгуудаар болж байгаа үер усны гамшиг, байгалийн давтагдашгүй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Миний хувьд эдгээр асуудалд шууд болон шууд бусаар холбоо байхгүй. Улс төрд соёлыг жишиг гаргаж, мөн ёс зүйн хариуцлага гаргаж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Засгийн газар, Ерөнхий сайд миний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өглөө” гэжээ.
www.Seen.mn