Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо өнөөдөр хуралдлаа. Хурлаар нийтийн эдэлбэр газрын байршлын хэмжээг тогтоох, болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг шинэчлэн тогтоох, гэр хорооллын дахин төлөвлөлт, Багахангай, Багануур, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглох, нийслэлийн дагуул хот байгуулах болон бусад асуудлын талаар хэлэлцлээ.
2021 онд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд Нийслэл хот дагуул хоттой байх нарийвчилсан зохицуулалтыг тусгасан. Уг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд Аргалант-Эмээлт, Налайх, Буянт-Ухаа зэрэг байршлуудыг онцлон судалж, “Буянт-Ухаа” дагуул хот байгуулах санал танилцуулсан юм. Тодруулбал, дагуул хотыг Хан-Уул дүүрэгт, хуучин Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал орчим байгуулах аж. Уг дүүргийн 9, 10, 16, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг хамарч 3,919,7 га талбай, 120,449 иргэн, 37,640 орчим өрх суурьших аж. Энэ талаар Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан “Дагуул хотыг байгуулснаар Улаанбаатар хотыг суурьшлыг тэлэх, одоо байгаа дэд бүтцийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, шинээр дэд бүтэц бий болох, цаашлаад эдийн засгийн тусгай бүсийг байгуулах замаар үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх ач холбогдолтой” гэдгийг онцоллоо.
Энэ талаар Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга, төлөөлөгч Б.Сүхбаатар “Миний хувьд Буянт-Ухааг дагуул хот болгон хөгжүүлэх талаар эсрэг байр суурьтай байна. Налайх, Багануураа ч дагуул хот гэж нэрлээгүй байж Буянт-Ухааг дагуул хот гэж төлөвлөх нь буруу. Дэд төв болгон хөгжүүлэх нь илүү оновчтой” гэв. Төсөл танилцуулагчийн зүгээс Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухайн хуулийг боловсруулах явцад ажлын хэсгээс маш олон санал гарч Буянт-Ухаа онгоцны буудлын ашиглалтыг хэрхэн хөгжүүлэх талаар яригдсан. Энэ хүрээнд мэдээлэл, технологи инновац, хүлэмж, агуулахын аж ахуй, аялал жуулчлал, соёл амралт, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл, агаарын хөлгийн засвар үйлчилгээ зэргээр эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэх боломжтой гэж харсан гэлээ.
Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагын баримт бичигт 15 дагуул хаяа хот, тосгодтой байна гэж тусгагдсан байдаг. Үүнээс 13 газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын Засгийн газраас баталсан Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг 2020 онд баталсан. Үүний дагуу ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа. Төлөвлөгөөнд Буянт-Ухаад дагуул хот байгуулна гэсэн агуулга тусгагдаагүй. Аргалант-Эмээлтийн болон шинэ Зуунмод хот зэрэг дагуул хотуудыг холбосон хөндийг эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэх бөгөөд энэ тусгай бүсэд Буянт-Ухаа орчим хамаарч байгаа. Тиймээс орон нутгийн нисэх буудал бүхий энэ бүсийг даган хөгжүүлэх, үйл ажиллагааг нь хадгалан үлдэх хөгжлийн конвенц ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан” гэлээ. Мөн тэрбээр нисэх буудал орчимд өндөр барилга, байгууламж барих нь хориотой гэдгийг онцолсон юм.
Хорооны гишүүд Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газар болон Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын ажлыг уялдаа холбоогоо сайжруулж, хамтран ажиллахыг санууллаа.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ