Үндэстнийхээ соёлын өв санг төр болон иргэд хамтран хамгаалах үүрэгтэй

Нэгдүгээрт: 

Эх түүхээ бүрэлдэхүүн хэсэг нэг бүрээр нь судалж таних, бичих,

Хоёрдугаарт: 

Наад зах нь сүүлийн 5-10 мянган жилийн туршид өвөг дээдсийнхээ бүтээсэн биет болон биет бус соёлын их өв санг таних, бүртгэх, хамгаалах, нээлттэй болгох, сурталчлах, орчин үеийнхний үзлийн үүднээс үнэлж цэгнэх, төрөлжсөн музейнүүд нээж ажиллуулах, тэдгээрийг аялал жуулчлалын нэгдсэн том сүлжээнд зохистойгоор байршуулах шаардлага цаг үеийн нэн тулгамдсан асуудал болоод байна. Энэ бол төр ба түмэн олны өмнө тавигдаж буй маш чухал асуудал, том зорилго юм. Төр засгийн зүгээс ч энэ хэрэгт байнгын анхаарал, их хүчин зүтгэл хэрэгтэй, мөн хувийн хэвшил, бүтээлч сэхээтнүүдийн зүгээс ч өргөн оролцоо, идэвх санаачилга шаардлагатай.

Тухайн улс орон, ард түмний чухам хэн болохыг нь илтгэн харуулдаг гол хүчин зүйлс бол НЭГД, эх түүх нь, ХОЁРТ, бүтээсэн материаллаг болон оюуны соёл нь билээ.

Эх түүх нь хүн төрөлхтний түүхтэй чацуурч очихоор урт, бүтээсэн соёл нь хэмжээ ба чанараараа дэлхийн томчуудтай эгнэж байрлахаар их бол тэр үндэстэн, ард түмнийг их үндэстэн, том үндэстэн гэж үздэг ажээ. Чухамхүү энэ шалгуурыг баримтлан ангилж, дугаарлаад судлаачид Их Египет үндэстэн, Их Хан үндэстэн, Их Грек үндэстэн, Их Энэтхэг үндэстэн, Их Япон үндэстэн, Их Монгол үндэстэн гэхчилэн үнэлдэг, бичдэг болоод байна. Олонх судлаач эдүгээ монголчууд бол дэлхийн хэмжээнд эхний аравт орох том, эртний үндэстэн мөн гэж үзэх болов. Монголчуудыг эхний дөрөв дэх том үндэстэн хэмээсэн санал ч бас бий ажээ.

Тоогоор цөөхөн ч гэсэн бүр XIII зуунд дэлхийг бараг бүхэлд нь эзлэн захирч байсан үндэстэнг том биш гэвээс өөр аль, ямар үндэстэнг том гэх болж байна аа? хэмээн асуудаг түүхчид ч буй. Үндэстэнгүүдийг их, бага гэж ангилахад юуны өмнө тэдний дэлхийн түүхэнд гүйцэтгэж чадсан үүрэг, ролиор нь үнэлэх ёстой биз ээ. Энэ XXI зууны эхэн үед ч гэсэн монголчууд НҮБ-ын гишүүн нэг тусгаар улс, мөн их Орос, их Хятад улсад 4-5 автономит Бүгд Найрамдах улсын хэмжээнд оршин буй болно…

Хомосапиенс үүсэх үеийн анхны нэгэн популяци нь монголчуудын эртний өвөг байж ч болох юм. Таван тивийн хүмүүсийг европ төрхтөн, негр төрхтөн, монгол төрхтөн гэж ангилсан нь, дэлхийн хэмжээнд монгол төрхтөнд хамаарагдах хүний тоо түүхийн аль ч үед нөгөө хоёроосоо олон тоотой байсан нь, мөн шар арьстай хүмүүс халуун оронд удаан амьдрахлаараа эхлээд улаан арьстан, дараа нь хар арьстан болдог, харин хүйтэн сэрүүн оронд удахлаараа цагаан арьстан болдог нь, тэдний биеийн өндөр нь халуун талдаа намсаж, хүйтэн талдаа өндөрсдөг нь, хэмжиж болох бүх үзүүлэлтээрээ монголчууд дэлхийн дундаж болдог нь гэх мэтийн олон шалгуураар анхдагч популяцийн талаарх санаа нотлогдох талдаа ордог ажээ.

х          х          х

Дэлхийн цар түвшинд авч үзэх, үнэлэх аваас хүн төрөлхтний эх түүхийн танилт ба бичлэг чамлахаар хэмжээнд байгаа нь үнэн юм. Мөн тухайн аль, ямар ч том үндэстний эх түүх танигдсан ба бичигдсэн байдлаар нь үнэлэх аваас “хангалтгүй” гэсэн дүн тавигдахаар хэмжээ ба чанартай байна. Түүх бичих онол-арга зүй болон түүхийн философийн хувьд байдал бүүр ч доогуур, харамсмаар, гасалмаар хэмжээ, түвшинтэй хэвээрээ…

Том, бага аль ч улс орон, үндэстний эх түүх нь юуны өмнө бүрэн бүтэн биш байна. Тухайн үндэстний өвөг дээдэс нь чулуун зэвсэгтэн байх үедээ, мөн эхийн болон эцгийн эрхэт ёсны үедээ, тэрчлэн овог, аймгийн нийтлэгийн шатандаа, бас угсаатан, ястан болон ондоосохдоо чухам хаана нутаглаж, ямар аж ахуй эрхэлж, ямар соёлыг бүтээж байсан нь хатууруулж үнэлвээс үлгэр, домог шахам хэвээрээ л байгаа билээ. Тэрчлэн улс үндэстэн нэг бүрийн эх түүхийн зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг болох учиртай төрийн түүх, шашны түүх, цэргийн түүх, ШУ-ны мэдлэгийн салбар нэг бүрийн түүх, соёлын салбар нэг бүрийн түүх зэргээ судлаад биччихсэн улс үндэстэн ч бараг алга байна. Монголчууд бид гэхэд л ядаж ястан нэг бүрийнхээ гарал, түүхийг нэг мөр болгочихож чадаагүй байгаа билээ…

Эх түүх маань бүрэн бүтэн болох аваас монголчуудын бүтээсэн материаллаг болон оюуны үнэт зүйлсийн их өв сан ч зуун зуунаараа тодрох, бүртгэгдэх, тоо ба чанар нь танигдах, үнэлэгдэх болно. Эх түүх ба соёл хоёр хоорондоо ийм шүтэлцээтэй.

Монголчуудын бүтээсэн их соёлын биет үлдэгдлүүд эдүгээ газрын хөрсөн доор арвин ихээрээ хадгалагдаж байна. Энэ үзүүлэлтээрээ Монгол орон дэлхийд тэргүүлж ч чадах билээ. Учир нь монголчуудын үлдээсэн соёлын биет үнэт зүйлс Ази болон Европ тивийн хөрс шорооны наад зах нь 60 хувьд нь булаастай, дараастай байгаа билээ.

Энэ хоёр тивийн ихэнх улс орны гол, том музейнүүдэд монголчуудад холбогдох соёлын биет үнэт зүйлүүд мөн олон тоогоороо бий. Тэрчлэн Номхон далайн хаяа хөвөө хавиарх усан доор ч гэсэн Монголын эзэнт гүрний цэрэг дайчдаас үлдэж хоцорсон эд зүйлс ч их байгаа…

Олон мянган жилийн туршид нүүдэллэж аж төрж байсны учир том хот суурин, музей үзмэрийн газрууд Монголд байсангүй. Тиймээс соёлын үнэт зүйлүүд нь бараг 100 хувь айл өрхийн гэрт, хүмүүсийн гар дээр байсан онцлогтой билээ.

XVI, XVII зуунаас нааш Ар, Өвөр, Баруун Монголд хэдэн арваараа буй болсон сүм хийдүүдэд хадгалагдаж байсан соёлын биет нандин зүйлүүд хэдэн мянгаараа ХХ зууны дундуур устгагджээ. Ардын уламжлалт хийгээд шашны холбогдолтой хэдэн мянган ном судар, баримал, сийлбэр, уран зураг, хөгжмийн зэмсэг, хөөмөл, цутгамал эд зүйлс шатаагдсан буюу эвдэрч булагджээ. Тэдний дунд уран барилгын, баримал, сийлбэр, хөөмөл, цутгамал, зурмал хосгүй үнэт бүтээлүүд хэдэн зуугаараа байжээ.

1921 оноос хойш шаргуу, идэвхтэй биш ч гэлээ бага багаар цуглуулж авсан ховор чухаг ном судар, гар бичмэлүүд, урлагийн бүтээлүүд хадгалах нөхцөл ба хамгаалалт, бүртгэл муугаас болж үрэгдэж муудсаар, хулгайлагдаж хорогдсоор, элдэв арга, замаар бусад улс руу гарсаар, цөөрсөөр иржээ.

Улсын төв музей, нийслэл дэх бусад музей үзмэрийн газрууд, тэрчлэн аймаг, сумдын орон нутгийг судлах музейнээс алга болсон үнэт эд зүйлс, ховор нандин бүтээлийн тоо улсын хэмжээгээр тооцох аваас хэдэн мянгад  хүрсэн нь үнэн болно.

Монголдоо байх ёстой, байваас зохих олон ховор нандин зүйлүүд өнөөдөр Ази, Европ, Америк тивийн улсуудад гараас гар, музейгээс музей дамжин их их үнээр борлуулагдсаар байна. Үнэ хаялцуулах томоохон худалдаа бүр дээр монголчуудын гараар бүтээгдсэн хосгүй зүйлүүд наймаалагдаж байх болжээ.

Шунахай, сувдаг хүмүүсийн гараар орж хилийн цаана гарсан чулуун зэвсэг, чулуужсан яс, диназаврын өндөг мэт нь бараг л гадаадын томоохон музей бүрт байгаа нь чих дэлсэх болов.

Хууль бусаар, шунахайн сэдлээр булш, бунхан ухдаг, тонодог хүмүүс олон аймаг, сумдад байдаг нь ч тодорхой болоод байна. 2017 оны байдлаар ухагдаж тоногдсон булш, хиргисүүрийн тоо 100 шахам болсон гэж археологичид үзэх болжээ. Шинжлэх ухааны үүднээс тогтоосон олон улсын стандартын дагуу баригдаж тоноглогдсон музей, барилга хуруу дарам цөөн байгаа хэдий ч энэ нь аль ч намын засгийн газрын анхааралд өртөхгүй байна. Монгол улсын хот, хөдөөд нийтдээ 60 орчим музей байгаагаас зөвхөн дөрөвхөн музей стандартад нийцэхүйц барилгатай ажээ. Бусад нь тун ч эрсдэлтэй нөхцөлд ховор, хосгүй үзмэрүүдийг хадгалахчаа болж буй гэнэ. Энэ байдлаас шалтгаалан ойрын 5-10 жилийн дотор хэд хичнээн ч үнэт зүйлс, хосгүй бүтээлүүд устаж үрэгдэх аюул хаяанд ирчихээд байгаад өнөөдөр хэн ч санаа зовохгүй байна. Монголчуудын бүтээсэн биет болон биет бус соёлын өв сангийн хувь заяаг шууд гардан хариуцдаг хүн ба байгууллагын эрэлд хатаж яваа оюунлаг, эх оронч хүмүүс ч тааралдах боллоо. Арга ядахдаа тэд нэгдэж нийлээд соёлын өв санг хамгаалах төрийн бус олон нийтийн байгууллагыг буй болгоё! гэж уриалах болжээ.

Манай ард түмний олон мянган жилийн туршид бүтээсэн биет болон биет бус соёлын өвийг дэлхийд нээлттэй болгон сурталчилж эхэлснээр Монгол улс, монгол үндэстний нэр төр сүүлийн 30-аад жилийн дотор их өслөө. Өнөөдөр монголчуудыг “нүүдэлчид байсныхаа улмаас хоцрогдолд автсаар хөгжлөөс гээгдсэн ард түмэн” гэж хэн ч үзэхээ больжээ. Харин ч байгаль, экологитойгоо зохицон амьдарч аливаад оюунлаг, хүмүүнлэг ханддаг болж төлөвшсөн, хүмүүсийн хоорондох харилцааны элгэмсэг, тусархуу, зочломтхой, ах захаа мэддэг, аав ээжээ ачилдаг чухал шинжүүдийг өөртөө нэвт шингээсэн өвөрмөц аж төрөх ёсыг хэвшүүлсэн ухаалаг ард түмэн гэж үнэлэх, хүндэтгэх болжээ. Монголчуудын бүтээсэн биет бус соёлын өв сан ч судлаачид мэргэжилтэнгүүдийн анхаарлыг ихэд татах болов. Зурах, сийлэх, хөөх, цутгах, хайлуулах, хаслах, металлаар утас татах зэрэг монгол аргыг сонирхож, судалж, сурч авахыг хичээдэг гадаад иргэд ч олширчээ. Монголын үндэсний хөгжмийн зэмсгээр тоглож сурахын тулд монгол хөгжимчдөд шавь орж хэдэн сараар Монголд амьдарч байгаа хүмүүс ч олон байна. Монголын соёлын өвийг шамдан судалж байгаа хүмүүсийн тоо олширлоо. Гадаадын жуулчдын 30 орчим хувь нь Монголын соёлын өвтэй танилцах, ховор нандин эд зүйлсийг олж авах зорилготой ирдэг байна. Хятад, Төвд, Өвөр Монгол, Шинжаанаас ирдэг зарим жуулчин Монголын анагаах ухаан, эмзүйн холбогдолтой ном, судрыг зохиогчийнх нь нэрийг заан сураглаж явсан баримт бий. Жишээ нь Лүнрэг Дандар маарамбыг нэрлэж байжээ. Монголын эрдэмтэн лам нар бүтээлээ төвд бичгээр, төвд хэлээр туурвиж байсны дээр бүгдээрээ төвд нэртэй байсны учир монгол хүний бичсэн олон ном судар төвд хүний бүтээл болж ойлгогдох нь ч их болов.

Монголчууд түүхэндээ олон улс, олон том аймаг байж харьцангуй биеэ даан аж төрж байснаас болж мөн олон бичиг үсэг хэрэглэж байжээ. Өвөг Хүннү улс, хожуу үеийн Хүннүгийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд орж байсан монгол том аймгууд, мөн түрэг хэлтэн улсууд бүгд л бичиг, үсэг хэрэглэж байв. Иймээс Монгол орны хөрс шороо, хад чулуунаас хэрчлээс бичиг, зангилаа бичиг, зурган ба тамган бичиг, хятан, уйгаржин, дөрвөлжин, соёмбо, төвд, манж, тод, латин, кирил үсгээр бичсэн гар бичмэлүүд олдох учиртай. Дээрх бичгүүдийг таньж цуглуулах чадвартай мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй.

Адууны аж ахуйтай холбоотой эртний эдлэл, хэрэглэл, мөн цэрэг-дайны холбогдолтой зэвсэг, хэрэгсэл, бас мал эмнэлэг, хүн эмнэлгийн холбогдолтой нарийн багаж мэтийн талаар мэргэшсэн археологичид ч хэрэгтэй болж байна.

Орчин үед алт, мөнгө, зэс, хүрэл, төмөр олдворын найрлага дахь хольцын онцлог шинжүүдэд тулгуурлан тэднийг чухам дэлхийн аль улсад, аль цэгт хайлуулсан, цутгасан болохыг тодорхойлж чаддаг болжээ. Ингэхлээр бид өвөг дээдсийнхээ бүтээсэн металл эдлэлийг таньж, ялгаж судлах боломжтой болж байна. Нарийн багаж, тоноглол бүхий лабораториудад металл олдворуудыг судлах, шинжлэх ажлыг өргөжүүлмээр байна.

21 аймгийн нутаг дэвсгэр дээр байгаа соёлын биет үл хөдлөх дурсгалуудыг ойр дөт байдлаар хооронд нь засмал замаар холбож, дунд нь томоохон зочид буудал барьж, жуулчдын чөлөөт цагаа өнгөрүүлэхэд туслах үзвэр, үйлчилгээ, явган болон мориор зугаалах богино маршрутуудыг бий болгож цогцолбор нэг бүр дээр жуулчид 2-3 хонохоор тооцоолон хөнгөн шуурхай үйлчилгээгээр хангаж өгөх хэрэгтэй байна. Гадаадын жуулчдын дунд хийсэн судалгаанаас үзэхэд “явж явж нэг газар хүрч ганц, хоёрхон зүйл үзээд л дуусдаг. Өглөө, оройд нь өөр программ байдаггүй. Явганаар болон мориор хийх богино аялал их үгүйлэгддэг. Урлаг, спортын үйлчилгээ ч цөөн талдаа. Ер нь зугаацах зүйлийн төрөл болон тоог олшруулвал жуулчид хөгжилдөх, саатах нь их болно. Жуулчид 2-3 хоногийн туршид сонирхох, саатахад зориулагдсан олон цогцолбор байх аваас нэгээс нөгөөд нь шилжин аялахад тун ч тохиромжтой байдаг” гэж олон жуулчин ярьсан байдаг. Хүннү, Сүмбэ, Нируны үеийн олон булштай, Буган хөшөө олонтой, Гэсэр ламтан болон Санжайжав аграмбын лагшин шүтээнүүдтэй, мөн Арын хангайн үзэсгэлэнт сайхан байгальтай, гол нуур олонтой Архангай аймагт гэхэд л хоорондоо засмал замаар холбогдсон нэгэн сайхан цогцолбор бүтээх боломж бэлхнээ байгаа билээ. Нэг обьектоос бусад руу нь дамжин аялсаар жуулчид 5-10 хоног ч саатах боломж бүрэн бий юм. Ийм цогцолбор бүтээх хэрэгт аялал жуулчлал хариуцсан, урлаг соёл хариуцсан яамдууд хамтран ажиллах шаардлагатай байна. Хувийн хэвшлийнхний 70-90 хувийн оролцоотойгоор ийм цогцолборыг богино хугацаанд барьж байгуулж болно. 2017 оны байдлаар үзэхэд энэ чигт сэдэж байгаа төсөл, төлөвлөгөө, бүр ажил нь эхэлчихсэн төслүүд ч байгаа билээ. Холбогдох хоёр яам хамтраад энэ ажлыг зангидаж, зохион байгулж өгөх хэрэгтэй. Засгийн газраас тогтоол гаргаж, хамтарсан комисс томилж, нэгдсэн төлөвлөгөө, төсөл боловсруулж, олон сувгаас төсвийг нь бүрэлдүүлэх аваас уг ажил тун хурдан хэрэгжих нигууртай…

Энэчлэн 21 аймаг бүрт түүх-соёлын дурсгал ба унаган төрхөөрөө хадгалагдсан байгалийн үзэсгэлэн хосолсон цогцолборууд буй болох аваас гадаад, дотоодын жуулчид, аялагчид жилийн дөрвөн улиралд үл тасран цувах болно. Цогцолбор нэг бүрийг энэ цагийн жишиг, шаардлагад нийцүүлэн тохижуулж чадах сурц, соёл, техник хэрэгсэл, хүн хүч бэлхнээ байгаа гэж хэлж болно. Энэний бодит жишээ, үзүүлэн болохуйц жуулчдын баазууд ч ажиллаж байна.

Судлаач, профессор Д.Чулуунжав