Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан Япон Улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын бүрэлдэхүүнд Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, Ардчилсан намын бүлгийн дарга Б.Эрдэнэсүх, төлөөлөгч С.Эрдэнэбаяр, Д.Бадарсан болон Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар багтаж байгаа юм. Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг Токио хотын ИТХ-ын дарга Үдагава Сатоши, дэд дарга Масүко Хирокигийн хамтаар хүлээн авч уулзлаа. Уулзалтад мөн Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан, ЭСЯ-ны Элчин зөвлөх А.Дэлгэрмаа нар оролцсон юм. Уулзалтын үеэр хоёр хотын хамтын ажиллагааны талаар талууд ярилцав.
Ноён Үдагава Сатоши уулзалтын үеэр “Монгол Япон хоёр улс ардчилал, эрх чөлөө хүний эрх, хууль эрх зүйт засаглалыг үнэт зүйл болгосон Тусгай Стратегийн түншлэлийг хэрэгжүүлж байгаа. Сүүлийн жилүүдэд эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаагаас гадна спортын салбар, тэр дундаа Японы сүмо бөхийн дэвжээнд Монгол бөхчүүд өндөр амжилттай байдгийг онцлон дурдмаар байна. Токио Улаанбаатар хотын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж, гамшгаас урьдчилан сэргийлэх буюу гал унтраах, авран хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн” хэмээн тодотголоо. Монгол Улсын Нийслэл хотын ИТХ-ын даргын Токио хотод хийж буй энэ удаагийн айлчлал хоёр хотын хамтын ажиллагааг улам бэхжүүлнэ гэдэгт итгэж байна гэв.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Монгол Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш бүх цаг үед Япон Улс Монгол Улсын хөгжлийн төсөл хөтөлбөрийг дэмжиж, нийгэм, цаг үеийн сорилт бэрхшээлийг даван туулахад тусалж, эрүүл мэнд, боловсрол, соёл, хүний хөгжлийн олон салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Олон салбарын хамтын ажиллагаа хоёр улсын ард иргэд, хүн хоорондын харилцаагаар улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэж байна гэсэн юм. Тэрбээр мөн энэ оны тавдугаар сард Монгол Улс “Go Mongolia” уриатайгаар аялал жуулчлалын салбараа сурталчлах томоохон арга хэмжээг Токио хотод зохион байгуулна. Монгол Улсын аж байдал, ахуй соёл, аялал жуулчлалын талаар сурталчлан таниулах энэхүү арга хэмжээнд Токио хотын ИТХ-ын даргыг оролцохыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан урилаа. Мөн Токио хотын ИТХ-ын даргыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод айлчлал хийхийг албан ёсоор урив.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ