Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор нэг тонн улаанбуудайг 560 мянган төгрөгөөр худалдан авч байсныг 600 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр шийджээ.
Хэдийгээр энэхүү шийдэл нь газар тариалан эрхлэгч 36000 хүнд таатай мэдээ боловч, үүний цаана хичнээн муу үр нөлөө явж байгааг тооцоогүй бололтой.
Улс орон идэх хоолтой байх гол түүхий эд үр тариа, түүний болц, хураалт байдаг. Тариагаар гурил, улмаар талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг цэцэрлэгийн хүүхэд ч хэлээд өгнө. Гэтэл эрхэм сайд үүнийг тооцолгүй улаан буудайн үнийг нэмснээр гурилын үнэ, улмаар 3.2 сая иргэний иддэг талхны үнэ өсөх болно гэдгийг анхаарсангүй. Өнгөрсөн хугацаанд вальютын үнэ өсч, бензин шатахуун тогтмол нэмэгдсэн ч гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний үнээ тогтвортой байлгаж чадсан. Энэ нь тариаланч, гурил болон гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг зохицуулан хамтран ажиллаж байсан өмнөх сайдуудын оновчтой бодлогын үр дүн байсан. Үүнийг баталгаа нь 2015 оны наймдугаар сараас хойш бидний өдөр тутмын хэрэглээ болсон Атар талхны үнэ өөрчлөгдөөгүй статистик байна. Хэрэв улаан буудайг 600 мянган төгрөгөөр худалдан авч эхлэвэл гурил 1000 төгрөг болж талхны үнэ даруй 1500 төгрөг хүрэх энгийн тооцоо гарлаа.
“Нэг байрандаа” байсаар байсан гурилын үнийг барих, талхны үнийг тогтвортой байлгахын тулд тариалан эрхлэгчдэд олгох урамшууллын хэлбэрийг нэн даруй өөрчлөх эс бөгөөс өдөр тутмын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн нэмэгдлийг Б.Батзориг сайд хариуцах болж байна. Уг нь 36 мянган тариалагчаас гадна 3.2 сая иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах шийдлийг салбарын яам, Засгийн газар бодолцох байлаа.