Энэ жилийн УИХ-ын гишүүдийн Сар шинийн баярын тавгийн идээ, тарган ууцыг даах юм биш биз, Б.Батзориг сайд аа. Нохойн хөшөө барьснаар Баянзүрх дүүрэгт гэмт хэргийн гаралт эрс буурсан хэмээдэг Б.Батзориг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсоноосоо хойш юу хийв.
Хамгийн эхэнд буюу 2017 оны шинэ жилийн баяраар “Говь”-ийн ноолууран ороолтоор УИХ-ын гишүүдийн хүзүү хоолойг дулаацуулав. Тэрбээр оны өмнө буюу аравдугаар сарын 17-нд ажлаа хүлээн авсан билээ. Ажлаа хүлээж аваад удаагүй түүний ажил ангийнхныхаа хүзүүнд санаа тавьснаар эхэлсэн гэхэд хилсдэхгүй биз. Учир нь сайд болоход дэмжлэг өгсний хариу болгож, гишүүддээ талархал илэрхийлэн улсын төсвийн хөрөнгөөр “Говь”-д хөрөнгө оруулалт хийсэн нь тэр.
Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэж мань хүний талархал үүгээр дууссангүй. Өнгөрсөн Сар шинийн баяраар Засгийн газрын гишүүдэд хонины ууц, тавгын идээ бэлэглэв. Мэдээж хөрөнгө нь төсвөөс. Энэ нь Засгийн газрын хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын асуудал ороход дэмжиж, тусалсны шан харамж гэнэ.
Өдгөө Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Ховд аймгийнхны нутгийн зөвлөлийн байр болж хувирсныг яамны ажилчид нь хэлж байна. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, МААБХЗГ-ын дарга Д.Батмөнх, ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, ЖДҮХБХЗГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл гээд бүгд Ховд аймгийн угшилтай аж. Тиймээс нутгийнхан нь бүхэл бүтэн салбарын яамыг нутгийн зөвлөлийнхөө ордон мэт андууран орж гарах болсон аж.
Тэр бүү хэл, нутгийнхандаа зориулж төсвийн байгууллага бэлдэж өгсөн байх юм. Хаврын чуулганаар УИХ-аас 2017 оны арванхоёрдугаар сард баталсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд одоогийн Мал эмнэлэг, үржлийн газрын чиг үүргийг хоёр салгаж, Мал эмнэлгийн ерөнхий газар болгож өөрчлөхийг салбарын сайд нь УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан. Өнөөх “говийн” ороолт бэлэглэсний үрээр. Ингэхдээ, мал эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагааг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлгийн ерөнхий газар хариуцах, малын үржил, бүртгэлийн чиглэлийн үйл ажиллагааг одоо хариуцаж байгаа хэлтэс нь дээрх хуульд заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүтцэд чиг үүргээрээ шилжиж, мал үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалтыг хариуцан ажиллах зохион байгуулалтын өөрчлөлт хийхээр болж байв. Өдгөө өнөөх газрын нь даргаар ажиллаж байгаа Д.Түмэндэмбэрэл нь Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга байсан нөхөр. Уг нь 2016 оны Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, мөн Засгийн газрын тогтоолд 100-гаас доош хүнтэй байгууллагад дэд даргагүй байх учиртай. Гэвч Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, Засгийн газрын тогтоолыг үл тоон нэг биш бүр хоёр ч дэд даргатай болгохоор зүтгэж явааг учир мэдэх хүмүүс хэлж байна. Мөн Д.Түмэндэмбэрэлийг мэргэжлийн бус гэдэгт ч олон хүн шүүмжлэлтэй хандаж байна.
Ер нь Б.Батзориг сайд нутаг нугын нөхдөө л татсанаас бус мэргэжил мэдлэг, туршлага, ур чадварыг сөхөж ч хараагүй бололтой. Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат нь хүртэл цэргийн инженер нэгэн аж. Ямартаа түүнийг эл албан тушаалд авчрахаар Төрийн албаны сонгон шалгаруулалтыг зарлахдаа малын эмч, агрономичаас гадна зөвхөн инженер байхаар зааж өгсөн нь салбарынхны бухимдлыг хүргэж байлаа.
Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун мөн цэргийн инженер мэргэжилтэй. Агрономикийн ямар ч мэдлэггүй нэгэн гэнэ. Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг гүйцэтгэгч Д.Батмөнх нь усны инженер мэргэжилтэй. Ийнхүү Ховд гэх нутаг усныхаа буянаар цэрэг армийн нөхөд Хүнс, хөдөө аж ахуйн яамыг удирдан төсвийн хөрөнгийг дур зоргоороо цацлан сууна.
“Банхар” хочит (БЗД-т барьсан банхрын хөшөөнөөс олж авсан тодотгол) Б.Батзориг сайд Ховдын угшилтай, Чехословак улсад Хөнгөн үйлдвэрийн ТМС-ийг эсгүүрчнээр дүүргэсэн нэгэн. Хожим нь Хүнс хөдөө аж ахуйн сургуулийг эдийн засагч, санхүүчээр төгсч байжээ. Гэхдээ тус сургуульд суралцсан эсэхэд нь хүмүүс эргэлздэг л юм билээ. Ер нь бол хөшөө барьж, хөрөнгө дэлсдэг гишүүн гэх гуншинг саарал ордон дахь нөхөд нь өөрсдөө өгдөг. Үнэндээ ч Б.Батзоригийн хийсэн гээд хэлчих хоёр зүйл нь “Нохойн хөшөө”, нөгөөх нь “Эвтэй дөрвөн амьтан”-ы хөшөө. Эдгээр хөшөөг хүрлээр барьсан уу, шавраар цутгасан уу гэдгийг нэгэн үе шалгаж байв. Учир нь хөшөөг шавраар барьсан бол Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг улсын төсвөөр боссон энэ хөшөөнөөс 320 сая төгрөгийг хувьдаа унагасан хэрэгт унах байв. Засаг ноён ч тайландаа хөшөөг 350 сая төгрөгөөр босгосон гэжээ. Харин дүүргийн иргэд “Энэ хөшөөг хүрлээр босгоогүй, арматур зангидаад, нурдаггүй герман шавар наагаад өнгөлчихсөн. Үүнд гарсан зардал нь ердөө 30 сая төгрөг” гэж үздэг юм.
Ямартай ч бүхэл бүтэн салбар удирдаж байгаа тэрбээр шаазан аяган дээр нэрээ сийлж, сэтгүүл тарааж, ирэх сонгуулийн сурталчилгаагаа хийж эхэлж. Гэхдээ үүнээс ноцтой нь наадмын үеэр Хүй 7 худагт хоёр хоног гэр барьж саатахын тулд худаг гаргуулсан тухай дараагийн дугаартаа нийтлэх болно.
Нийгмийн шуудан сонин