Өчигдөр үүрээр 04.30 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 15 дугаар гудамжинд таван ханатай гэр шатаж, гурван том хүн, хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Амиа алдсан хүмүүсийн хувьд эхнэр нөхөр хоёр, таван настай хүү гурван настай охины хамт, аавтайгаа гэртэйгээ шатсан байна. Залуу хосуудын хувьд тус хаяг дээр нүүж ирээд удаагүй байсан бөгөөд энэ сарын 12-нд сайн өдөр шинэ гэр барьж, цайллага хийжээ.
Хөршүүдийнх нь ярьж буйгаар “Саяхан шинэ гэр барьж орсон хүмүүс байсан. Удахгүй нөхөр нь эхнэрээ бэр гуйж авна даа гэж ярьсан байсан. Үнэхээр харамсалтай золгүй зүйл болчихлоо. Тэднийх үүдний амбаартай бөгөөд үүднээсээ шатсан байх. Түүнээс гурван том хүн байхад галаас гарах байсан байлгүй дээ” гэж ярьжээ.
Гэр шатаж байгааг ТҮЦ-нээс хүн гарч ирж харсан бөгөөд онцгойд дуудлага өгчээ. Харин гэр дотроос хүүхдийн уйлах дуу, амь авраарай гэж хүмүүс хашгираад байсан гэнэ. Машинтай хүмүүс ирээд гэрийг араас нь өргөж онгойлгохыг оролдсон ч хүчрээгүй байна. Ингээд удалгүй гэрээс тусламж эрэн орилсон хүмүүс чимээ тасарчээ. Энэхүү харамсалтай золгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд галын шинжээчдийн дүгнэлт 14 хоногийн дараа гарах ажээ.