Канадын шивээсчин Крис Вензелийн эхнэр Шерил нөхрийнхөө сүүлчийн хүслийг биелүүлж, арьсыг нь ханандаа дурсгал болгон өлгөх гэнэ. Хүний арьс өвчинө гэдэг хэн болгон чадах ажил биш.
Ингээд бэлбэсэн эмэгтэй Америкийн “Save My Ink Forever“ (Миний шивээсийг үүрд хадгалаарай) компанид ханджээ. Тус компанийн мэргэжилтнүүд 3 цагийн турш талийгаачийн арьсыг өвчиж, рааманд хийгээд гэрбүлд нь хүлээлгэн өгсөн байна.
Шерил “Нөхөр минь нас эцэслэхийнхээ өмнө ингэж хүссэн юм. Түүний цээж, нуруу могойны шивээстэй, мөр гар нь ч нэл шивээс байсан“ гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Шивээс мөнхлөгч “Save My Ink Forever“ компанийн захирал Кайл Шервуд “Та бүхэн Пикассогийн зургийг шатааж, хаяхгүй шүү дээ. Зарим шивээс уран зургаас дутахгүй сайхан байдаг. Хадгалж үлдэх ёстой. Хайртай хүнийнхээ дурсамжийг үүрд хадгалах боломжийг манай компани өгдөг“ гэж ярьж байна.
Шивээс өвчих үйлчилгээ 80 мянган долларын үнэтэй.