Ардчилсан Намын Үндсэн дүрмийн хороо өнөөдөр хуралдаж УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хөөж, Л.Болд, Д.Мурат нарын тус намаас сонгуульд нэр дэвших эрхийг дөрвөн жил хасах шийдвэр гаргажээ.
Энэхүү шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэгт сая танилцуулсан байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн тухайд удаа дараа намын бодлогын эсрэг үйлдэл гаргасан учир ийнхүү хөөсөн ажээ.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэд уучлах, сануулах, шийтгэх эсэх бүрэн эрх байдаг бөгөөд тэрбээр дээрх гурван гишүүнд сахилгын шийтгэл ногдуулахаар болжээ. Ингэхдээ, УИХ-д намын бүлэггүй болохгүйн тулд зөвхөн Ж.Батзанданг Ардчилсан намаас хөөх шийдвэр гаргалаа.
УИХ-ын Дэгийн тухай хуулинд найм ба түүнээс дээш гишүүнтэй нам бүлэг байгуулах тухай заасан байдаг. Тиймээс АН Д.Мурат болон Л.Болд нарын гишүүдээ энэ удаа арай л хөөчихөлгүй үлдээж, харин Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаад байна.