Эх хүүхдийн амаржих газар амаржихаар ирсэн эмэгтэйд яаралтай үйлчилгээ үзүүлээгүйн улмаас энэ сарын гуравны өдөр тус эмнэлгийн хашаанд -30 градусын хүйтэнд төрсөн үйл явдал олон хүний сэтгэлийг эмзэглүүлээд байгаа юм. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан ЭХЭМҮТ-ын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.
ЭХЭМҮТ-ын дарга Ш.Энхтөр: – Тухайн эх өөрийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа. 26 настай түүний хувьд хоёр дахь жирэмслэлтийн анхны төрөлт. Өвдөлт өдрөөс хойш эхэлсэн юм шиг байгаа юм.
– Манай эмнэлэг том эмнэлэг. “Хүүхдийн яаралтай тусламж”, “Эх барих яаралтай тусламж” гэсэн хоёр яаралтай тусламжийн хэсэгтэй. Тухайн эмэгтэй хүүхдийн яаралтай тусламжид ирэн төрөх тасаг нь аль вэ хэмээн асуусан. Хүүхэд нь нэгэнт төрсөн байсан учраас манай эмч мэргэжилтнүүд шаардлагатай үйлчилгээг үзүүлсэн. Биеийн байдал тогтвортой байгаа. Хувь хүний нууц учир зарим шинжилгээ зэрэг мэдээллийг өгөх боломжгүй байна.
– Мэдээллүүд зөрөөд байгаа учир үүнийг шалгаад тогтоох байх гэж бодож байна.
– Яаралтай тусламжийг ямар ч эмнэлгийн ажилтан өгч үйлчлэх үүрэгтэй. Тухайн эмэгтэйтэй хамт таксины жолооч явсан бөгөөд уг жолооч төрөх тасаг хаана вэ гэдгийг эхэлж асуусан байдаг. Тухайн өдөр ажиллаж байсан эмч нарын хэлж буйгаар жолооч эхэлж ирж асуусан учир төрөх гэж буй эмэгтэй манай эмч нарт харагдаагүй юм шиг байгаа юм.
– Үүнд бол хөөх зэрэг ямар нэгэн ёс бус харьцсан зүйл байхгүй юм билээ.
– Тухайн үед ажиллаж байсан эмч нарт хариуцлага тооцох эсэх нь дараагийн асуудал. Одоогийн байдлаар эх болон хүүхдийг эрүүл саруул байлгах тал дээр анхаарч байна. Одоогийн байдлаар ёс зүйн алдаа гаргаагүй гэж үзэж байгаа учир хариуцлага тооцох эсэх нь тодорхойгүй байна. Цаашид шалгалтаар алдаа гаргасан байх нь тогтоогдвол хариуцлага тооцогдоно.
– Ажлаас нь чөлөөлөх, цалингаас хасах зэргээр хариуцлага тооцох зарчим яригдана. Гэхдээ ёс зүйн алдаа гаргасан нь тогтоогдсон тохиолдолд. Урьдчилсан байдлаар алдаа гаргасан гэж тогтоогдоогүй байна.
– Миний хувьд ард иргэдээсээ уучлал гуйж байна. Надад зөвтгөх шалтгаан байхгүй. Би ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа хүлээлгэж өгнө гэлээ.
www.Seen.mn