Хүн амын тоогоор дэлхийд нэгдүгээрт ордог Энэтхэг улсын нийслэл Дели хотын агаарын бохирдлоос үүдэн ард иргэдийн дунд уушгины хорт хавдар газар авч байгааг ВВС агентлаг онцолжээ. Тухайлбал, энгийн иргэн 39 настай Атул Кумар нэг өдөр уушгины хорт хавдартай хэмээн оношлогджээ. Эмч түүнд өвчний шалтгаан тамхидалт, эсвэл агаарын бохирдол гэж тайлбарласан байна. Харин Атул амьдралынхаа туршид нэг ширхэг ч тамхи татаж байгаагүй аж. Атул ВВС агентлагт “Хүү маань ханиалгах болгонд уушгины хорт хавдартай болж байх вий гэж айдаг” хэмээн өгүүлэв.
Судлаачид хэвийн хэмжээнээс давсан Дели хотын агаарын бохирдол уушгины хорт хавдрын өвчлөлийн гол шалтгаан болж байна хэмээн тайлбарлав. Судалгаагаар Энэтхэг улсад 1998-2012 оны хооронд уушгины хорт хавдраар өвчлөгчдийн тоо 50 хувиар нэмэгдсэн гэх дүгнэлт гарчээ.
Дели хотын эмнэлгийн уушги, цээжний хөндийн хагалгааны эмч Авринд Кумар “Сүүлийн жилүүдэд тамхи татдаггүй иргэд ч уушгины хорт хавдраар өвчлөх явдал эрс нэмэгдэж байна. Бид эрүүл уушгитай хүн харалгүй удаж байна. Тэр тусмаа Дели хотын иргэдийн дунд эрүүл ягаан өнгөтэй уушгитай хүн маш цөөн байгаа” гэв.
Дели хотын төвийн агаарын бохирдол ихтэй хэсэгт ажиллаж, амьдарч, агаараар амьсгалах нь иргэдийн уушгинд өдөрт 20 тамхи татсантай тэнцэх хэмжээний хор учруулж байгаа аж.
ДЭМБ-аас дэлхийн дээрх хүн амын 90 хувь нь бохирдолтой агаараар амьсгалж байна гэсэн судалгаа гаргажээ. Харин Энэтхэг улсын хувьд жил бүр сая орчим хүн агаарын бохирдол, түүнтэй холбогдох өвчний шалтгаанаар амиа алдаж байгаа аж.
Монгол Улсын хувьд
Монгол Улсын хувьд жил бүр агаарын бохирдлоос үүдэн 4000 орчим хүн амь насаа алддаг гэсэн судалгааг Дэлхийн банкнаас гаргасан байдаг. Эдгээрийн 15 хувь нь бага насны хүүхэд байгаа аж. Тус судалгаанд агаарын бохирдол нь уушгины өвчлөл цаашлаад уушгины хорт хавдар, зүрх судасны өвчлөл үүсгэдэг хэмээн өгүүлжээ.
Мөн энэ оны хоёрдугаар сард НҮБ-ын хүүхдийн сан/ ЮНИСЕФ/, Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үндэсний төвөөс Улаанбаатар хотын утаа, хүүхдийн эрүүл мэндэд хамгийн том аюул учруулж буйг онцолсон байдаг. Түүнчлэн бохирдлын хэмжээ энэ хэвээрээ өссөөр байвал 2025 онд гэхэд агаарын бохирдлоос үүдэлтэй хүүхдийн өвчлөлд 4.8 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гараад байна. Энэ нь өмнөх жилүүдийн үзүүлэлтээс даруй 33 хувиар өссөн дүн юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрөгч нэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдол байх ёстой хэмжээнээс 133 дахин илүү буюу нэг куб метрт 3.3320 микро грамм бохирдолтой байна гэсэн тооцоог гаргасан юм.Түүнчлэн, сүүлийн арван жилийн дотор амьсгалын замын өвчний тархалт гурав дахин нэмэгдэж, тав хүртэлх насны хүүхдийн нас баралтыг уушгины хатгалгаа өвчин тэргүүлж байна. Мөн Улаанбаатар хотод амьдардаг хүүхдүүдийн 40 хувь нь их бага хэмжээгээр амьсгалын замын вирус тээсэн, өвчлөлтэй уушгитай хэмээсэн байв.
Мөн Улаанбаатар хотыг Тime сэтгүүл, Reuters агентлаг, Guardian сэтгүүл , Хонг Конгийн төв хэвлэл South Chine Morning Post зэрэг дэлхийн томоохон хэвлэлүүд дэлхийн хамгийн хүйтэн, хамгийн их агаарын бохирдолтой хот хэмээн онцолж байсан юм.
Ашигласан эх сурвалж:
Тime сэтгүүл: http://time.com/…/ulan-bator-mongolia-most-polluted-capital/
Reuters агентлаг: https://www.reuters.com/…/mongolian-air-pollution-causing-h…
South Chine Morning Post : https://www.scmp.com/…/mongolian-herders-moved-capital-city…
Эх сурвалж: Itoim.mn