TonyKylie Cravens хэмээх нэртэй фэйсбүүк хэрэглэгч эмэгтэй өөрийн охинд тохиолдсон золгүй явдлыг бусдад сэрэмжлүүлэх үүднээс нийтэлжээ. Кайли Кравенсийн бяцхан охин Лидиа охидод зориулсан нүүрний будагны цуглуулга худалдан авч хэрэглэснээр харшилж эмнэлэгт хүргэгджээ.
Кайли Кравенс өөрийн фэйсбүүк хуудаснаа “ Энэхүү постыг би бусад эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэх үүднээс бичиж байна. Миний нөхөр Тони бид хоёр гэр бүлдээ тохиолдсон уг явдлаас хүүхдэд зориулагдсан бүтээгдэхүүн дэх химийн орц, найрлагыг илүү сайн судлаж мэдсэний үндсэн дээр сонголтоо хийх ёстой гэдгийг “яс махандаа тултал” ойлгож авлаа. Өнөөдрөөс 8 хоногийн өмнө бид хотын төвийн Family Dollar дэлгүүрээс охиныхоо тоглох дуртай нүүр будалтын цуглуулга худалдан авсан юм. Охин Лидиа маань охидод зориулсан будгаар нүүрээ будаж тоглох дуртай, өмнө нь ч худалдаж авч байсан. Гэхдээ энэ удаа бид өөр компанийн, өөр брэндийн бүтээгдэхүүн худалдаж авсан. Харин охинд минь хар дарсан зүүд шиг аймшигтай зүйл тохиолдох юм гэж төсөөлсөнгүй. Сүүлд авсан цуглуулганд нийт 6 төрлийн химийн бодис агуулагдсан байжээ. Харамсалтай нь Лидиа маань эдгээр химийн бодисоос харшлын урвал үзүүлдэг хүмүүсийн нэг байж тааран зовхи, завьжны нимгэн арьс нь химийн найрлаганд нь түлэгдэж эмнэлгийн тусламж авах хүртлээ аймшигтай байдалд орлоо. Нүүрээ будсанаас хойш 30-хан минутын дараа охины минь бүх биеэр тууралт үүсч, арьс нь шатаж буй мэт халуу дүүгэн зовиурласан. Охин минь тэр өдөртөө юм идэж уух нь бүү хэл нүдээ ч нээх чадалгүй болсон. Эмнэлэгт яаралтай хүргэгдэн тусламж авсан ч гэсэн түүний минь бие дээрдэж өгөхгүй, нүдээ ч нээлгүй олон хоносон. Сайн мэдээ гэвэл бид ямартаа ч энэ бүхнийг даван туулж, охиноо эмчлүүлээд өнөөдөр эмнэлгээс гарч байна. Эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд хүүхэддээ худалдан авч буй зүйлсийнхээ орц, найрлагыг сайн судлаж байгаарай. Нэн ялангуяа хүүхдэд зориулагдсан гоо сайхны бүтээгдэхүүн, нүүр будалтын цуглуулгаа зөв сонгоорой. Тэгэж чадвал таны хүүхдэд бидний бяцхан Лидиад тохиолдсон шиг аймшигтай, бас харамсалтай зүйл тохиолдохгүй” гэжээ.
Лидиа химийн бодис агуулсан охидын нүүр будалтын бүтээгдэхүүнээс хордсон хордлогоосоо болж ухаангүй олон хоног хэвтэж, зовхи завьж зэрэг нимгэн арьстай хэсгүүддээ түрхсэн будгандаа түлэгдсэн байна. Бяцхан охидод зориулагдсан зовхины тень, уруулын будаг, өнгөлөгчөөс бүтсэн ийм төрлийн цуглуулга худалдан авахдаа гадуурх хайрцаг, савалгаан дээрх найрлагын тухай мэдээлэлтэй танилцаж, хүүхдийн тань арьсанд харшил үүсгэх бодис агуулагдсан эсэхийг болон ашиглах хугацаа нь дууссан үгүйг сайн шалгаж авахыг зөвлөх байна. Хайхрамжгүй зангаасаа болж балчир үрсийнхээ эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулах вий хэмээн сэрэмжилж энэ мэдээг бэлтгэлээ.
Эх сурвалж: Eagle.mn