Манай улс мал аж ахуйн орон. Малын тоо толгой нь 2012 оноос хойш хоёр жил тутамд 10 саяар нэмэгдэж байгаа. Тухайлбал, 2010 онд 32.7 сая мал тоологдсон бол 2012 онд 40.9 сая, 2014 онд 51.9 сая, 2016 онд 61.5 сая болж хоёр жил тутамд 10 саяар нэмэгдсэн. Харин 2017 оны жилийн эцсийн мал тооллогооор Монгол Улсын хэмжээнд нийт 66 218 959 толгой мал тоологдсон байдаг.
Гэвч гуравхан сая хүн амтай монголчууд тэр дундаа нийслэлийн иргэд нь махаар “өлсөх” дээрээ тулаад байна. Учир нь мах элбэг байж, хямд байдаг яг энэ үед мах “магнаг” болчихоод байна. Хэзээнээсээ махаараа дутагдаж, гачигдаж үзээгүй монголчууд одоо л хэцүүдэх шинжтэй.
Хятадууд 21 аймгаар явж аль өнгөтэй өөдтэй малыг нь шилж сонгон бөөндөж авч байгаа сурагтай. Түүгээр зогсохгүй монгол залуусыг нядалгааны ажилд хөлслөн авч явж, малчдын хотыг “самарч” байгаа гэнэ. Ядруухан хэдэн малчид явдал чирэгдэл багатай бодоод тэр үү, арай жаахан ахиу амласан үнийг нь бодоод тэр үү зарах борлуулах хамаг малаа хятадуудад өгч байгааг эс сурвалжууд хэлж байгаа. Түүнийг хятадууд хагас боловсруулсан нэрийдлээр экспортолж байна.
Эцэстээ монголчууд өөрсдөө дотооддоо махгүйдэхэд хүрч байна. Мал аж ахуй хөгжсөн, 70 шахуу сая малтай, гуравхан сая хүн амтай монголчууд маань нэг кг махыг 10 мянга давсан үнээр худалдан авч идэхэд хүрээд байна. Өнгөрсөн амралтын өдрөөр буюу Бямба гаригт өдөр 14:00 цагийн үед “Хүчит шонхор” худалдааны тавд очиход
Үхрийн ястай мах /бөөний үнэ/ 8500
Үхрийн цул мах /жижиглэнгийн үнэ/ 9000
Хонины ястай мах /бөөний үнэ/ 4900
Хонины ястай мах /жижиглэнгийн үнэ/ 6500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байлаа. Энэ бол махны хамгийн хямд зах хэмээн олонд хүлээн зөвшөөрөгдсөн “Хүчит шонхор” захын үнэ. Эндээс аваад жижиглэнгээр зарж байгаа дэлгүүрүүдэд махны үнэ ямар байгаа нь ойлгомжтой.
“Хүчит шонхор” захын махны наймаачид “Мах ховор байна. Нийлүүлэлт бага эрэлт их байгаа учраас зах зээлийн жишгээрээ махны үнэ маш их өсч байна. Цагаан сараар улам өснө, түүний дараа хавар монголчууд маань яана даа” хэмээн ярьж байлаа. Үүнийг сонсоод 70 сая малтай монголчууд мал, махны зах зээлээ хятадуудад атгуулчихаад өлсөж суух цаг эниүүхэнд ирснийг сонсоод үнэхээр их харамсав.
Монголчуудыг дэлхий дээр “алтан дээр суусан гуйлгачид” гэдэг байсан одоо “Мал, махаар баян өлсгөлөн монголчууд” гэж дуудуулах үе удахгүй ирэх нь. Тиймээс үүнд анхаарах цаг ирснийг сануулмаар санагдлаа.