Саяхан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нефть импортлогч компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Ингэхдээ гэнэтийн шалгалтаар хэд хэдэн шатахуун түгээх газруудаар орж, шатахууны чанарт шалгалт хийсэн ч үр дүн нь муу гарчээ. Өөрөөр хэлбэл шатахуун импортлогчид чанар стандартын шаардлага хангахгүй бензин бидэнд худалдаалж, биднийг хохироож байгаа нь шалгалтаар нотлогджээ.
Тодруулбал, ШӨХТГ-ын саяхан хийсэн шалгалтаар “Петростар”, “Магнай трейд”, “Шунхлай трейдинг”, “Содмонгол групп”, “М-Ойл” групп, “Жаст Ойл”, “Синчи Ойл”, “Монсуль”, “Ойн бирж” компаниудын борлуулж байгаа АИ-92 автобензиний чанар стандартад шалгалт хийсэн аж. АИ-92 автобензин дэх марганецийн агууламж 0.25мг/дм куб буюу түүнээс бага байх ёстой бөгөөд эдгээр ААН-үүдийн бензинд агуулагдах марганецийн хэмжээ 0.6-0.9 мг/дм куб байгаа нь тогтоогджээ.
Хэрвээ марганецийн хэмжээ их байвал автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хортой болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд анги буюу катализаторд муугаар нөлөөлдөг байна. Ингэснээр тэрхүү хийнүүд нь агаар мандалд шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж үздэг байна. Тиймээс ШӨХТГ-аас дээрх 9 аж ахуйн нэгж тус бүрд есөн сая төгрөгөөр торгосон.
Монголчуудад үнэтэй, чанаргүй бензин худалдаж хагартлаа баяжсан тэдэнд есөн сая төгрөгийн торгууль юу ч биш шүү дээ.
Шууд эрхийг нь цуцлах хэрэгтэй. Олдог ашгийнхаа хэр хэмжээнд таарсан хариуцлагыг тэд үүрдэг байх ёстой. Хариуцлага алдвал түүнд нь таарсан шийтгэл ноогдуулдаг байх ёстой. Шууд эрхийг нь цуцал.
Бид хангалттай өндөр үнээр шатахуун авч монополь хэдхэн компанийг мөнгөөр “угждаг”. Тэд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдлээ гээд л шатахууныхаа үнийг литр тутамд нь хэдэн зуун төгрөгөөр нэмж, зохиомол хомсдол үүсгэж элдвээр шантаажилж байгаад хамгийн эрэлттэй шатахууныхаа татаварыг тэглүүлчихдэг. Даварсан хэдэн компани төрийг эрхшээлдээ оруулж, түмнийг дээрэлхэж дуусахгүй нь ээ. Дэлхийн зах зээл дэх ханш өслөө гээд хэдэн зуугаараа нэмчихдэг атлаа, буурахаар нь дагаад үнээ буулгадаг нь хэр олон удаагийнх бол.
Бид хэт өндөр үнээр шатахуун худалдаж авдгийнхаа хэрээр чанартай бүтээгдэхүүнээр үйлчлүүлмээр байна. Тэд бидний эд хөрөнгө, цаашилбал байгаль орчинд бүдүүлгээр халдаж байна. Бүгдийнх нь эрхийг цуцал. Дараагийн компаниудыг шударга шүүлтүүрээр оруулж ир. Эс бөгөөс нийслэлчүүдээ машин унахгүй алхацгаая, дугуй унацгаая гэж уриалъя.
Түгжрэлгүй, стрессгүй амьдаръя.