Хамт олон чинь Баасан гарагийн орой ажлынхаа алжаалыг тайлахаар шөнийн цэнгээнийг газрыг зорьдог бол харин чи номын дэлгүүрээс худалдаж авсан шинэхэн номоо уншихаар гэрлүүгээ яардаг уу? Олон хүнээр өөрийгөө хүрээлүүлж тэднээс урам зориг авахаас илүүтэй зөвхөн өөртөө зориулан бүтээсэн жижигхэн орон зай дотроо гүн гэгч нь шигдэж ороод эрч хүчээ сайтар гэгч нь сэлбэж авахыг илүүд үздэг үү? Хэрвээ дээрхи асуултуудад чи “тийм” хэмээн хариулсан бол баяр хүргэе, Интровертуудын эгнээнд тавтай морил.
Интроверт байх нь бүрэг ичимхий байхаас арай өөр л дөө. Ичимхий хүмүүс нийгэм өөрийг нь хэрхэн дүгнэж цэгнэхээс цаг үргэлж айж явдаг бол харин интровертчууд зүгээр л тайван, чимээгүй орчинд илүү төвлөрөн бүтээлчээр ажиллаж чаддаг, өөрийгөө цэнэглэдэг хүмүүс юм.
Интроверт зан чанартай хүмүүсийг нийгэмтэй харилцах дургүй, нөхөрсөг бус, ганцаардмал гээд олон сөрөг тодорхойлолтууд дагадаг ч яг үнэндээ интроверт байх нь чиний төсөөлснөөс ч олон давуу талтай гэдгийг чамд дуулгахад таатай байна. Энэ нийтлэлийг уншиж дууссаныхаа дараа чи төрөлх зан чанараа дахин хэзээ ч өөрийнхөө сул тал хэмээн харахаа болино гэдэгт итгээрэй.
1. Бид бол хамгийн сайн сонсогчид
Тиймээ, бурхан бидэнд бусдын өмнө итгэл дүүрэн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх чадвар заяагаагүй байж болох ч тэдний аз жаргалтай эсвэл уйтгар гунигтай цаг мөчийг хуваалцан, сэтгэл дотор нь байгаа бүхнийг чин сэтгэлээсээ сонсож чадах тэвчээртэй занг бэлэглэсэн юм шүү. Хамгийн сайн найз чинь, хайртай ганц эмэгтэй дүү чинь хэн нэгэнд сэтгэлээ уудлан дэлгэмээр санах үедээ чам руу л хамгийн түрүүнд утас цохьдог биз дээ. Бүтэлгүй дурлалынхаа түүхийг 23 дахь удаагаа давтан ярьж байсан ч хамаагүй чи анх удаагаа сонсож буй мэт л хамаг анхаарлаа төвлөрүүлэн үг бүрийг нь алдахгүй сонсохыг хичээдэг. Дотор байгаа бүхнээ уудалж дууссаных нь дараа шуудхан л сургааль хайрлахаас урьтаж зүгээр л түүнд мөрөө дэрлүүлэн, нулимсыг нь сулхан арчиж өгдөг нэгэн бол чи шүү дээ. Хэдий заримдаа төвөгтэй санагддаг ч хайртай дотны хүмүүс маань өөр хэнд ч хэлж чадахгүй аминчхан нууцаа бидэнд л дэлгэж, хамгийн ухаалаг зөвлөгч бөгөөд хамгийн тэвчээртэй сонсогчоор биднийг 2 гараа өргөн сонгодог нь интроверт нэгэн байхын давуу тал яахын аргагүй мөн билээ. Мөн бид бусдын хэлсэн болчимгүй ганц үг хүний сэтгэлийг шархлуулах хангалттай хүчтэй байдгийг хэн хүнээс илүүтэй сайн мэдэх учраас бусдад өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ ч тун болгоомжтой байж, чадах чинээгээрээ эелдэг байхыг хичээдэг.
2. Бид ярихаасаа түрүүнд боддог
Нэгэн хүн Сократаас “Таны тухай найз чинь юу гэж хэлснийг мэдэх үү?” гэж асуухад Сократ хариуд нь “Чиний хэлэх зүйл сайн санаа агуулаагүй, үнэн биш, ашиг тусгүй зүйл бол надад хэлж яах юм бэ?” гэсэн гэдэг. Сократ ч мөн бидэнтэй адил интроверт нэгэн байж шүү. Экстроверт хүмүүс нийгмийн харилцаанд идэвхитэй оролцохын тулд хэн нэгэнтэй тасралтгүй ярилцсаар өдрийн ихэнхи цагийг өнгөрүүлдэг бол харин бид эсрэгээрээ өөрсдийн үг яриагаа дээд зэргээр гамнагч хүмүүс. Бидний дийлэнхи нь илтгэгч, ярианы мастерууд болж чаддаггүйн гол шалтгаан нь бид олны дунд яриа хийхээсээ өмнө хэлж буй үгэндээ бат итгэлтэй болохын тулд маш удаан хугацаанд түүнийгээ эргэцүүлэн бодож, нягталж шалгах хэрэгтэй болдогоос үүдэлтэй байх. Хэлж буй үгсдээ хангалттай итгэлтэй болсныхоо дараа, тухайн яриа маань харилцан ярилцагч хүндээ ямар нэгэн хэмжээгээр нөлөө үзүүлнэ гэж итгэсэн цагтаа л бид ярьж эхэлдэг. Энэ зан чанар маань олны дунд орох үед саад болдог үе бишгүй хэдий ч сошиал нетворк эрчимтэйгээр хөгжиж байгаа энэ цаг үед бидний харин ч давуу тал болон хувирсан гэдгийг чи мэдэх үү?. Экстровертууд харсан дуулсан бүх л зүйлсээ үнэн зөв, үр өгөөжтэй эсэхийг нь нягтлалгүйгээр цахим орчинд бусадтай хуваалцаж байдаг бол харин бид өөрсдийг маань олон нийтэд төлөөлөх хаяган дээрээ юу бичих, түүнийгээ хэнтэй хуваалцах, олон нийтийг донсолгож байгаа үйл явдалд ямар хариу үзүүлэхээ маш сайн мэддэг хүмүүс. Бид хэзээ ч азтан тодруулах бичлэгүүдийг зогсоо зайгүй “share” хийн, үнэн худал нь эцсийн байдлаар батлагдаагүй мэдээлэл дээр дүгнэлт хийдэггүй учраас олон нийт цахим орчинд интроверт хүмүүсийн үзэл бодолд илүү их анхаарал хандуулж, тэдний бичсэн зүйлсийг илүүтэйгээр дэмждэг. Тийм ээ, цахим орчинд өндөр нэр хүндтэй байх нь яахын аргагүй давуу тал мөн шүү дээ.
3. Бид илүү гярхай
Сайн сонсогч байж чаддаг давуу тал дээр маань орчин тойрноо илүү ажигч гярхай нүдээр хардаг чадвар нэмэгдэх болно. Бусдын тэр бүр анзаарч хараад байдаггүй хамгийн эгэл жирийн зүйлсээс ч бид ямар нэгэн онцгой зүйлийг олж харах чадвартай. Ажил хэргийн үед хамтран ажиллагч нэгнийхээ биеийн хэлэмж, нүүрний хувирлаар нь дамжуулан түүнтэй илүү гүнзгий харилцаа үүсгэж чаддаг давуу тал ч бидэнд бий Мөн бусдын хэлэх гээд чадахгүй байгаа зүйлсийг анзааран харж, зарим талаараа бусдын санаа бодлыг тааварлан уншиж чаддаг тул хэзээ ч хүнд төвөг уддаггүй.
4. Бидний нөхөрлөл илүү “урт настай”
Экстровертууд олон хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх тусмаа тэдний халуун дулаан энергиэр өөрийгөө цэнэглэж, улам их эрч хүчээр бялхаж амьдардаг бол харин бид эсрэгээрээ. Олны дунд байх тусмаа өөртөө итгэх итгэл маань суларч, урам зориг маань бөхөж эхлэдэг тул бидэнд цөөхөн тооны чанартай найзууд л байдаг. Өөрсдийнхөө бяцхан нуугдмал ертөнцөд хэн нэгнийг оруулахдаа бид бусдаас илүү шаардлага тавьдаг ч хэрвээ нэгэнт тэр хүн орон гэрт маань нэвтрээд орчихсон л бол түүний орон зай бидний амьдралаас хэзээ ч арилан алга болдоггүй. Тийм ч учраас амьдралд хүнд хэцүү үе тохиолдоход хэзээд тусламжийн гараа сунгах хэн нэгэн бидний хажууд оршдог нь хамгийн сайхан. Хамгийн дотны найзтайгаа ч бид өдөр бүхэн холбогдож, өдрийн хоолонд юу идсэн тухайгаа 30 минутын турш ярилцдаггүй ч гэсэн хэн хэнийхээ хувьд үнэ цэнтэй нэгэн гэдгээ зүрх сэтгэлээрээ үргэлж мэдэрч байдаг. Итгэж найдаж явсан найз маань биднээс урваж, харилцаагаа таслах, холдож хөндийрөхийн зовлонг бид бараг л мэдэхгүй.
5. Өөртөө цаг зарцуулах тал дээр бид хамгийн шилдэг нь
Дэлгүүр хэсэх, гоо сайханд орох талаар яриагүйг ойлгож байгаа биздээ. Бусадтай харьцуулахад бид хамаагүй их цагийг ганцаархнаа өнгөрүүлдэг учраас “миний туйлын хүсэл мөрөөдөл юу вэ? жинхэнэ хайр гэж юуг хэлэх вэ? яавал би аз жаргалтай байж чадах вэ? би яах гэж энэ хорвоо дээр амьдардаг юм бэ?” гэх мэт асуултын хариуг бусдаас түрүүнд өөрийнхөө дотор хүнээсээ олоод мэдчихсэн байдаг билээ. Амьдралын ямар ч бэрхшээл саадыг даван туулахын тулд бидэнд ердөө хангалттай цаг хугацаа, тухтай орон зай байхад л хангалттай. Бид өөрсдийнхөө зүрх сэтгэлийг хэрхэн анагаах, түүнийгээ бусдаас яаж хамгаалах тухайгаа хэнээс ч илүүтэйгээр мэддэг. Магадгүй бид гаднаасаа эмзэг, сул дорой нэгэн мэт харагддаг байж болох ч сэтгэл дотроо бол яг л супер баатар шиг их хүч чадалтай байдагийн гол нууц нь өөрийнхөө дотор орших нэгнийг маш сайн танин мэдсэн байдагтай холбоотой биз ээ.
6. Бид илүү уян хатан удирдагчид
Интровертууд хамгийн мундаг, хамгийн шилдэг удирдагч биш байж болно л доо. Гэхдээ бид бол ажилтнуудаа хамгийн ихээр ойлгохыг хичээдэг, ажил хэргээ урагшлуулахын төлөө багийн гишүүн бүрдээ анхаарал халамж тавьдаг хүмүүс юм шүү. Тайзны голд ганцаархнаа од болон гялалзахаас илүүтэй бүх хүмүүсийг тайзан дээр гаргахыг илүүд үздэг учраас удирдлаган доор ажиллаж байсан ихэнхи хүмүүс бидний талаар ам сайтай байх нь бий. Зөвхөн компанийн асуудлаас гадна ажилтан нэг бүрийнхээ жаргал зовлонг хуваалцах, тэдний давуу болон сул талыг олж мэдэх нь бидний хувьд нэн чухал. Бидний удирдсан хамт олон хамгийн халуун дотно уур амьсгалтай, байгууллагын соёл сайтай, нэг нэгнээ гэсэн чин сэтгэлтэй хүмүүсийн нэгдэл болж чаддаг.
Эх сурвалж: Goolingoo.mn