Тив, дэлхийг тойрон аялах нь өдрөөст өдөрт энгийн зүйл мэт болсоор байна. Тэр тусмаа хил залгаа орших Хятадын нутгаар аялах монголчуудын тоо нэмэгдсээр буй юм. Та Бээжин хотоор аялах хүсэлтэй ч хаагуур, хэрхэн аялахаа мэдэхгүй, эсвэл юу үзэхээ шийдээгүй байна уу? Тэгвэл дэлхийн нийслэл гэгдэх Бээжин хотоос заавал үзэх 10 газрыг танилцуулж байна.
Цагаан хэрэм
Дэлхийн долоон гайхамшгийн нэгээр нэрлэгддэг түмэн газрын Цагаан хэрэм бол таны зайлшгүй очих ёстой газрын нэг. Дүүлэн нисэх аварга луу мэт харагддаг тус хэрэм саран дээрээс харагддаг дэлхийн хамгийн урт байгууламж. Цагаан хэрмийг НЭӨ V зуунаас НЭ XVI зууны хооронд барьжээ. Ингэхдээ Хятадын хаант улсууд умард зүгийн морьтон нүүдэлчдийн халдлагаас хамгаалах зорилгоор шавар, чулуугаар барьсан гэдэг. Хэрмийг барих явцад 2-3 сая хүн нас барсан гэж үздэг бөгөөд дэлхийн хамгийн том оршуулгын газар гэгдэх нь бий.
Википедиад хэрмийн урт нь 8851.8 км, үүнээс 6259.6 км нь жинхэнэ хэрэм, 359.7 км нь гуу жалга, 2232.5 км нь уул, гол гэж тэмдэглэсэн байдаг. Харин хятадын хайлтын “Байду” сайтад нийт уртыг 21196.18 км урт гэж тэмдэглэжээ. Хэрэв та Цагаан хэрмийн эхлэлийн цэгийг үзье гэвэл Бээжингийн ойролцоо байх Бэйдайхэ хэмээх газрыг зорих хэрэгтэй. Бээжин хотын ойролцоо Цагаан хэрэм рүү гарах хэд хэдэн гарц бий. Үнийн хувьд 35-45 юань бөгөөд харагдах орчин болон түүхийн талаасаа харилцан адилгүй. Тухайлбал, Жюй Юун Гуань гарц нь өөр хоёр хаалганы дунд, мушгирсан Цагаан хэрэм давхацдаг хэсэгт байрладаг. Энэ нь Монгол, Хятадын хил, соёлын томоохон гарц байсан төдийгүй худалдаа наймаа, дайн тулаан зэрэг олон үйл явдал энд өрнөдөг байжээ. Энд долоон зууны тэртээ Тогоонтөмөр хааны байгуулсан хаалга, тэнд бичигдсэн дөрвөлжин бичгийн хамгийн том дурсгал бий. Мөн усан сан бүхий Цагаан хэрэм ч бий. Ойролцоогоор Бээжин хотоос 60-80 км-ийн зайтай бөгөөд автоусаар явбал илүү хямд тусна.
Тяньанмэний талбай
Аль ч улсын төв талбай заавал очих газрын нэгд зүй ч ёсоор нэрлэгддэг. Тэгвэл Хятадын төв талбай нь Бээжин хотын төв хэсэгт байрлах Тяньаньмэнь юм. Тус талбайн өмнө талд нь Хааны ордны музей, Мао тэргүүлэгчийн дурсгалын танхим, Ардын их хурлын танхим, Үндэсний музей байрладаг. БНХАУ байгуулагдсаны дараа уг талбайг 440 мянган квадрат метр буюу зүүнээс баруун тийшээ 500 метр өргөн, урдаасаа хойшоо 880 метр урт болгон өргөтгөжээ. Талбайн шалийг тусгай технологоор хийгдсэн цайвар өнгийн боржин чулуугаар дэвссэн аж. Гадаад пасспортоо үзүүлэн нэвтэрч, үнэгүй үзнэ. Архи, согтууруулах ундааны зүйлс авч орох хориотой.
Хориотой хот
Хориотой хот буюу хааны ордон нь Хятад улс социалист дэглэмтэй болсноор музей болжээ. Бээжин хотын төвд, Тяньанмэний талбайн эсрэг талд байрладаг. 1420–1912 онуудын хооронд буюу 500-гаад жилийн турш эзэн хаад болон тэдний гэр бүлийнхний хувьд гэр орон болохоос гадна төрийн хэрэг явуулах төв нь байв. 1406-1420 оны хооронд баригдсан энэхүү цогцолбор нь үүдний өрөөнүүдийг тооцохгүйгээр 8886 залгаа өрөөнүүдтэй, нийт 980 барилгаас бүрддэг, 961 метр урт, 753 метр өргөн юм. Хэрвээ үүдний өрөөнүүдийг оролцуулбал 9999 өрөөтэй болно гэж нутгийн иргэд ярьдаг ч энэ нь судалгаагаар батлагдаагүй аж. Хориотой хот нь Хятадын уламжлалт архитектурын хамгийн том жишээ болсон бөгөөд Зүүн Азийн болон бусад орнуудын архитетурын хөгжилд маш том нөлөө үзүүлсэн юм. 1984 онд уг хотыг Дэлхийн өвийн санд дэлхий дээр хадгалагдан үлдсэн хамгийн том модон барилга хэмээн бүртгэж авсан байна. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын сүүлч хүртэл жуулчдын оргил үе бөгөөд орох тасалбар 60 юань, бусад үед 40 юанийн үнэтэй.
Шувууны үүр
Шувууны үүр мэт харагдах цэнгэлдэх хүрээлэнг 2008 оны Бээжингийн зуны олимп болон паралимпийн наадамд зориулан бүтээсэн. Архитектураа онцгой болгохын тулд уран барилгачид Хятадын керамик үйлдвэрлэлийн уламжлалыг судалж, шувууны үүр мэт загвараар барих санааг олсон гэдэг. Тус цэнгэлдэх хүрээлэн нь хоёр гол байгууламжаас бүрдэх бөгөөд 20.4 га талбайтай, 91 мянган хүний суудалтай. Гадна талаас нь үзэхэд үнэ төлбөргүй. Дотор талд гэрлийн үзүүлбэр гэх мэт жуулчдад зориулсан тоглолт байнга зохиогддог. Тоглолтын төрөл болон суудлаасхамаараад харилцан адилгүй үнэтэй.
Амьтны хүрээлэн
1906 онд байгуулагдсан Хятадын хамгийн анхны, хамгийн олон амьтантай зоо парк. Өдгөө хуурай газрын 500 гаруй төрлийн 5000 амьтан, далайн 500 төрлийн 10.000 гаруй амьтантай аж. Баавгайн уул, Зааны ордон, Панданы ордон, Усан ордон, Анаашны ордон, Догшин араатны ордон гэх мэт олон ордонтой. Мөн Хятадын ховор амьтад болох панда, шар сармагчин, зүүн хойд нутгийн бар, цагаан хоншоорт буга, цаа буга, одой адуу, тогоруу зэрэг амьтад байхаас гадна дэлхийн олон ховор амьтад амьдардаг. Жилд дотоод, гадаадынн 6 сая гаруй жуулчид хүлээн авдаг. Хуурай газарт оршдог дэлхийн хамгийн том аквариумтай. Бүх амьтад болон далайн амьтдын үзүүлбэрийг үзэхэд 170 юань. Өндөр настан бол пасспортоо, бакалаврын оюутнууд үнэмлэхээ үзүүлэн 50 хувь хөнгөлөлттэй үзэх боломжтой.
Урлагийн гудамж 798
Урлагийн бүс 798 буюу монголчууд “Урлагийн гудамж” гэж нэрлэдэг энэ газар нийт 600 мянган ам метр талбайг хамардаг. Олон арван уран бүтээлчид үзэсгэлэнгээ дэлгэсэн байхаас гадна жирийн нэг гудамжийг хэрхэн урлаг болгон тохижуулсаныг та харах боломжтой. Сар, заримдаа долоо хоног бүр үзэсгэлэнгийн бүтээл, тэр байтугай гудамжны заслыг ч өөрчилсөн байх нь бий. 1990-ээд оны үеэс төрийн өмчит үйлдвэр байсан газрыг уран бүтээлчид өөрсдийн сэтгэлгээ илэрхийлэх бай болгосон нь энэ.
Лааны тосон музей
Мадам Тюссогийн музей нь дэлхийд алдартай лааны тосон баримлын музей юм. Ийм музей дэлхийд 15 байдаг. Бээжингийн Мадам Тюссогийн музей нь Шанхай, Хонконг, Үханий дараа орох Хятадын дөрөв дэх музей. Бээжингийн жуулчдад зориулсан гудамж болох Чяньмэньд байрладаг. Мадам Тюссогийн сонгодог үзмэрүүдээс гадна Хятадын улс төр, нийгэм соёлын салбарын алдартай хүмүүсийг ч урлан бүтээсэн үзмэрүүдтэй. Том хүн 170 юанийн үнэтэй.
Сувдан театр
Дэлхийн гайхамшигт театруудын жагсаалтад зүй ёсоор ордог өмнөд хөршийн “Үндэсний их театр” буюу “Сувдан театр” урлагийн ертөнцөд алдартай. Энэхүү тайзнаа тив тивийн шилдгүүд уран бүтээлээ толилуулдаг. Тус театр нь Тяньаньмэний талбайн баруун талд нэг км хүрэхгүй газарт байрладаг, эргэн тойрондоо усаар хүрээлэгдсэн. Шөнөд өнгө өнгөөр гэрэлтэн харагддаг. Сувд шиг хэлбэртэй тул ийн нэрлэжээ. 50 гаруй жилийн түүхтэй бөгөөд гурван удаагийн тендер, хоёр удаагийн засварын үр дүнд өнөөгийн дүр төрхөө олж, 2007 оны есдүгээр сард засвар нь дуусаж, арванхоёрдугаар сард хөшгөө нээжээ. Манай язгуур урлагийн хамтлагуудын нэгдсэн тоглолт “Сувдан театр”-ын тайзнаа зохион байгуулагдаж байсан.
Хятадын үндэсний музей
Хятадын үндэсний музей Тяньанмэний талбайн зүүн хэсэгт байрладаг бөгөөд 1912 оны долдугаар сард байгуулагджээ. 2007 оны гуравдугаар сараас тус музейд өргөтгөл хийж, 2011 онд нээлтээ хийсэн байна. Ингэснээр тус музей 200 мянган ам метр талбайтай болж, урьдынхаасаа дөрөв дахин томосч, дэлхийн хамгийн том талбайтай музей болжээ. Үзэсгэлэнгийн 48 танхимтай тус музейд нэг сая гаруй соёлын өв хадгалагдаж буй аж. Музейг үнэгүй үзэх боломжтой бөгөөд даваа гаригт амардаг. Өнөөг хүртэл тус музейд айлчилсан хүний тоо 30 саяыг давжээ.
Хаппи Валлей
2006 онд ашиглалтад орсон Хаппи Валлей цэцэрлэгт хүрээлэн нь Чаоян дүүрэгт байрладаг бөгөөд 1.000.000 ам метр талбайг хамардаг. Нийт 120 гаруй үзмэртэй. Үүнээс 40 гаруй нь тоглоом, 50 гаруй нь хүний экологийн үзмэрүүд. Мөн 10 гаруй нэр төрлийн урлагийн тоглолт болж байдаг. Хүүхэд, залуучууд, настайчууд гээд бүх насныханд зориулагдсанаараа онцлогтой.
Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж: CCTV.com