Монгол орны ихэнх нутаг хуурайшилттай, ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан БОАЖЯ, ОБЕГ хамтран мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.БАТСАЙХАНААС зарим зүйлийг тодрууллаа.
-Ирэх саруудад цаг агаарын төлөв ямар байх вэ?
-Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн урьдчилсан мэдээллээр гурав, дөрөвдүгээр сард нийт нутгаар олон жилийн дунджаас 0.1 хэмээр дулаан байна. Хур тунадасны хувьд нутгийн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар ялангуяа нутгийн зүүн хагаст дунджаас бага хур тунадастай, хаврын улиралд нийт нутгаар хуурайшилт өндөр байх төлөв гарсан. Энэ сарын 20-ны байдлаар Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Тухайлбал, Баян-Өлгий, Завхан, Увс аймгийн нутгаар 15-24 см зузаан цастай. Харин бусад нутгаар цас бага, ялангуяа зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадасгүй байна. Өнгөрсөн өвөл нийт нутгаар цас багатай өвөлжсөн учир хавар эрт хуурайшилт үүсэх нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм. Тиймээс энэ сарын 20-нд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Улсын онцгой комиссоос албан даалгавар гаргасан.
-Он гарснаас хойш ой, хээрийн түймэр гарсан тохиолдол бий юү?
-Түймрийн аюултай үе гэж бий. Тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэлх хугацааг түймрийн аюултай үе гэдэг. Энэ жил ихэнх нутгаар цас бага, хуурайшилт ихтэй байсан учир энэ сарын 13-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт ой, хээрийн түймэр гарсан. Тус аймгийн ОБГ-ын алба хаагчид унтраасан. Үүнээс гадна энэ сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд мөсөн бүрхүүл тогтсон байдалтай ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм. Иймд мөсний даац хүн, мал, автомашин зорчиход аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин