УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Швейцарын Холбооны улсаас Сангийн сайд асан С.Баярцогтын 5 дансны дэлгэрэнгүй хуулгыг Монголд авчирсан тухай чихэнд сонсголонтой мэдээллийг ард түмэндээ хүргэсэн.
Гэтэл өчигдрөөс эхлэн түүний энэхүү мэдээллийг нэр бүхий УИХ-ын гишүүд мушгин гуйвуулж С.Баярцогтыг яаран сандран мэдээлэл хийлгэхэд хүрсэн юм. Ямартай ч өөрийн захиалсан хэвлэлээ байлцуулсан дээрх эрхэм оффшорын асуудал дээр тууштай яваа Т.Аюурсайханыг буруутгахыг оролдож өөрийнх нь оффшортой холбоотой хэрэг хаагдаж буйг ч мэдэгдлээ. Тэгвэл энэ хэрэг үнэхээр хаагдаж буй гэж үү.
Уг нь 2016 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Швейцармйн Холбооны Улсын Шүүхэд эрүүгийн хэргийн 305 дугаар зүйл буюу мөнгө угаасан гэх хэрэг үүсгэн С.Баярцогтыг сэжигтнээр татан шалгаж нийт 27 баримт явуулсан байдаг. Тэгвэл манай хууль хяналтынхан С.Баярцогтын оффшор дохь мөнгийг яагаад авлигын мөнгө гэж хардах болсон бэ гэвэл Швейцарийн хууль тогтоох байгууллага тус улсын банкинд данс эзэмшигч Монгол Улсын иргэн С.Баярцогтын дансанд Оюутолгойн гэрээ байгуулагдсаны дараахан 10 сая ам доллар орж ирсэн тухай мэдээлж, гүйлгээг царцааж байгаагаа мэдээлж байсан.
Энэ тухай дэлхийд нэр хүнд бүхий Rеuters мэдээллийн агентлаг “Рио Тинто”-ийн олборлолтын гэрээг саадгүй байгуулахад дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтын авлигын хэргийг шалгах ажлын хүрээнд ийм арга хэмжээ авсан байна.
Данснуудын нэгийг “Рио Тинто”-оос С.Баярцогтод $10 саяыг шилжүүлэхэд ашигласан гэж сэжиглэж байгаагаа Швейцарийн Ерөнхий Прокурорын мэдэгдэлд өгүүлжээ” хэмээн бичиж байсан.
Тэгвэл 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр болсон үйл явдлыг цухас дурдая. Тус өдөр нийтдээ гурван гэрээ зурсан байдаг. Эхний гэрээ болох Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх, хөрөнгө оруулагчдыг төлөөлж “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн Зэс, очир эрдэнийн бүлгийн ерөнхий захирал Брет Клейтон, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-ийн ерөнхий захирал Кийт Маршал, “Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар гарын үсэг зурсан байдаг юм.
Тэгэхээр Т.Аюурсайхан гишүүний хэлсэнчлэн С.Баярцогтын нэр дээрх таван дансаар 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 он хүртэл хийгдсэн гүйлгээ хуулийн хүрээнд үнэн зөвөөр тогтоогдвол Монголын төр засаг Оюутолгойн гэрээг цуцалж, дахин шинээр байгуулах, ингэхдээ улс орныхоо оролцоо шийдлийг эзэмших хувийнхаа хэмжээнд бүрэн баталгаажуулж гэрээг Монголын талд ашигтайгаар эргүүлэх боломж бүрдэх атал яагаад зарим нэг хүмүүс сандралдана вэ.
Яг үнэндээ С.Баярцогттой холбоотой нотлох баримтыг хэн авчирсан нь чухал биш, олон холбогдогчтой байж болзошгүй авлигын хэргийг илрүүлэх нь л чухал шүү дээ.
Х.Маргад