УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сүүлийн хагас жил орчмын хугацаанд Монгол Ардын Намаасаа шахагдаж буй нь тодорхой болсон билээ. Түүнийг МАН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр ч албан бус байдлаар яригдсан гэгддэг.
Хэрэв Монгол Ардын намын гишүүнчлэлээсээ хасагдвал үндсэндээ түүний улс төрийн замнал хэсэгтээ л завсарлана гэсэн үг.
Тэр ч бүү хэл түүний гэр бүлийн эзэмшилд байх “Цагаан суварга”-ын ордыг төрийн эзэмшилд авах асуудал ч төрийн зарим удирдлагуудын түвшинд хэдийн яригдаж эхэлсэн нь нууц биш.
Энэ нь ч Н.Номтойбаярт ихээхэн хүнд тусаж буй гэх бөгөөд тэрээр хамгийн сүүлд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ : “-Би бол УИХ-ын гишүүний ажлаа л хийж байгаа. Гэхдээ надтай хамааралтай асуудлыг нэр цохож тавиад байгаа учраас байр сууриа илэрхийлж байгаа юм шүү.ҮАБЗ-өөс гаргасан шийдвэрийн талаар “МАК” компанид мэдэгдсэн зүйл одоогоор байхгүй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчих вий гэсэн болгоомжлол л надад байна. Энэ асуудал улс төр байгаа учраас л ийм зүйл болж байна. Хэрэв би хүлцэнгүй, ноомой, дуугай явж ирсэн бол ийм зүйл болохгүй байсан байх. Тэглээ гээд би хонь шиг явж чадахгүй. Хэрэв коммунизмээ байгуулах гэж байгаа бол Монголын төрд ажиллаж, зүтгэх шаардлага алга.” хэмээсэн юм.
Улс төрийн асуудал гэдэг нь юу вэ?
Товчхондоо бол Монгол Улсын Ерөнхий, МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, “МАК” компаний хувь нийлүүлэгч Н.Номтойбаяр нарын зөрчилтэй холбоотой юм.
Монгол Улсын Их Хурлын нэр бүхий 27 гишүүн Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, 43 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт болон 12 дахь заалтыг баримтлан 7 үндэслэл дурдаж Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулах саналаа 2018 оны 11 сарын 19-ний өдөр өргөн мэдүүлэхэд Н.Номтойбаяр гол зохицуулагчийн хувиар идэвхтэй оролцсон бөгөөд мөн У.Хүрэлсүхийн төрсөн дүүгийн ХХААХҮЯ-ы дэргэдэх ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас зээл авсан баримтыг ч олон нийтэд дэлгэсэн билээ.
У.Хүрэлсүх, Н.Номтойбаяр нарын зөрчил 2018 оны 11 сарын 30-ы өдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ил гарч, дараах яриа өрнөсөн.
Энэ нь :
“Н.Номтойбаяр: Надаас хууль бус зүйл битгий шаардаарай гэж та Ерөнхий сайд болохдоо хэлж байсан. Ерөнхий сайдын хувьд та ЖДҮ-чин сайд нараасаа салаач ээ. Хуулийн хэрэгжилтийг та яагаад хангахгүй байна вэ. 30 гэр бүл гэж яг хэн юм бэ? Яг одоо би нэрсийг нь сонсмоор байна. Би үүнд орж байгаа юу.
У.Хүрэлсүх: Тэр 30 гэр бүлийн гишүүн нь та өөрөө мөн. Яагаад гэдгийг нь ард түмнээс асуу. “МАК” компани 36 лиценз эзэмшдэг юм байна лээ. Энэ “Цагаан суварга” бол танай гэр бүлийн өмч биш, Монголын ард түмний хөрөнгө. Ганцхан айл 36 лиценз эзэмшихгүй ээ. Төрийн эрх ард түмний гарт байгаа. ЖДҮХС-тай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд битгий манай сайд нараас хууль бус зүйл шаардаарай. Авсан Цагаансуваргын лицензээ ард түмэндээ буцаагаад өгчих. Ард түмний өмч хөрөнгийг буцааж өгөөрэй.” юм.
Үүний дараа Н.Номтойбаярыг намын гишүүнчлэлээс хасах асуудлыг МАН-ын Хяналтын Хороо хэлэлцэж, Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах саналаа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр төлөвлөснөөр асуудал түрхэн зууртаа намжмал байдалтай болоод байна.
Гэвч эх сурвалжуудын өгүүлж буйгаар “Цагаан суварга”-ын ордыг төрийн өмч болгодоггүй юм гэхэд Н.Номтойбаярыг МАН-ын гишүүнчлэлээс хасах асуудал яригдах магадлал өндөр аж. Ямартай ч УИХ-ын 2020 оны сонгуульд Монгол Ардын Намаас Н.Номтойбаярыг нэр дэвшүүлэхгүй нь тодорхой болжээ.
Н.Номтойбаяр хэдийгээр “Би ТОПОРын цэрэг болж доошоо орохгүй” гэж ярих болсон ч үнэндээ түүнийг улс төрд оруулсан хүн нь Ерөнхий Сайд У.Хүрэлсүх өөрөө ажээ.
2010 оны үеэс Тусгаар Тогтнолын ордон буюу намынхаа байрыг шинээр барих ажлыг гардан хариуцаж байсан МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга У.Хүрэлсүх “МАК” компани буюу Н.Номтойбаярын гэр бүлээс мөнгөн тусламж авч, барилгынхаа ажилд зарцуулсан байна.
Мөн энэ үетэй зэрэгцэн, Н.Номтойбаяр МАН-д элсэж, улмаар тухайн үеийн НАМЗХ-ы Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийн орлогчоор буюу НАМЗХ-ы дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлжээ.
Улмаар 2012 оны хавар МАН-ын удирдлагууд буюу Сү.Батболд, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын ойлголцол, шийдвэрээр Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн дэд сайдаар томилогдож байсан ба УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшин, сонгогдсон билээ.
Гэвч тэдний зам 2015 оны хавьцаа салсан бөгөөд Н.Номтойбаяр тухайн үед МАН-ын даргаар ажиллаж байсан М.Энхболдтой нэг баг болж, НАМЗХ-оос У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн багийнхныг шахах ажлыг зохион байгуулалцсан юм.
Ийнхүү нэгэн цагт өөрөө улс төрд, Монгол Ардын Намд оруулж байсан Н.Номтойбаярыг Ерөнхий Сайд У.Хүрэлсүх мөн л өөрөө улс төр, Монгол Ардын Намаас “явуулах” бололтой.
Э.Мягмар
sonin.mn