Кино салбарынхаа өнөөгийн байдлын тухайд хэл ам загатнаад ерөөсөө болохгүй юм. Би кино судлаач, шүүмжлэгч биш. Гэхдээ үзэгч. Үзэгчийн хувиас, бас сэтгүүлч, уран бүтээлчийн хувиас үгээ хэлэх эрх надад бий. Тун удахгүй, 5 сарын 1-7-ны хооронд Холливүүд Монголд кино долоо хоног болох юм билээ. Тэр үеэрээ зарим нэг нь анхаарах болов уу гэж найдаж, хальт зурвас бичив.
– Кино бол урлаг ч, бизнес ч, бас үзэл суртал ч мөн. Эдгээрийн зүй зохист хослол. Аль нэг нь хэтийдвэл утга чанараа алдана. Энэ цаг үед харамсалтай нь кино маань урлаг шинжээ алдаж, бизнес шинж нь давамгайлчихсан. Үзэл суртал бол бүр таг мартагдсан.
Яавал үзэгчдийн сэтгэл зүйг тухайн агшинд байлдан дагуулж, догдлуулах вэ л гэдэг дээр хамаг дүр, дүрслэл, зураг, тавилт, жүжиглэл, хөгжмөө зориулж байна. Уран сайхны үнэн, дүрийн мөн чанар, агуулга, зохиомжийн нийцтэй хийгээд сэтгэл зүйн гаргалгаа, гоо зүйн мөн чанарт нийцэж буй эсэх нь тийм ч чухал биш. Дахиад л олон жишээ баримт дурдаж ярих шаардлагатай болно. Гэхдээ өнөө миний шүүмжлээд буйн учир нь кино ертөнцийн урлагийг л нэхэж, шаардаад буй хэрэг юм.
– Кино бол үзэл суртал биш гэх байх л даа. Гэхдээ ингэж хэлэхийнхээ өмнө Холливүүдийн кинонд нэн илэрхий байдаг “Ертөнцийн төв бол Америк, Ертөнцийг аврагч бол Америк юм” гэсэн Американизмын үзэл суртлын учрыг тайлбарлаарай.
Монгол кинонд монголоо өмгөөлсөн, нээсэн, сурталчилсан ямар нэгэн үзэл суртал гарцаагүй байх ёстой. Харамсалтай нь манай киночид монголоо үзүүлэхдээ, сайтар мэдэхгүйгээс, суурь судалгаа хийдэггүйгээс буруу гажуу үзүүлэх нь ихэнхдээ. Жижигхээн жишээ гэхэд саяхан дэлгэцнээ гарсан “2000” кинонд Засагт ханы гэрт жирийн цэрэг эр энгэр задгай, шулуухан ороод ирэх. Тэгээд зэрэгцэж суугаад мах огтлох. Эзэн Чингисийн угсаа халхын 4 ханы нэг Засагт ханы гэрт энгэр задгай, эрээгүй хэгжүүндүү орох нь бүү хэл эгцэлж хардаггүй байсан цаг үеийн тухай өгүүлж буй кино шүү дээ. Босгоноос нь адис авч малгайгүй мэхийж ороод, сөхөрч мөргөн, гарахдаа ухарч босго давдаг дээдсээ хүндэлсэн эгэл ардын эгэлгүй хүндлэл бүр сураггүй. Ихэс дээдсээ мэдэхээ байчихсан энэ цагийнхан л нэг тиймэрхүү энгэр задгай эрээгүй ёсгүй ордог биз. Уг санаа нь Ханыгаа эгэл хүн болгох гэж хичээсэн бололтой харагддаг. Гэвч түүх, ёс заншлаа хойш нь шидчихэж болохгүй. Тэр ёс хүндлэл дотор нь эглээр илэрхийлэх бүрэн боломжтой.
Мөн монгол хүн гэхээр л нэг хятад солонгос шиг орилсон, чарласан, ямаа шиг годгоносон байх ёстой биш. Эсвэл үзэгдэлд онцгой анхаардаг америкчууд шиг биш. Мөн чанар, хандлага, ертөнцийг үзэх үзэл нь анхи ондоо ард түмнүүд шүү дээ. Монголоо буруу үзүүлж, харуулснаас огт үзүүлэхгүй байсан нь дээр.
– “Тунгалаг Тамир”-ийн Төмөр, Эрдэнэ, “Сэрэлт”-ийн Бумаа, Лавлаа Даш, “Энэ хүүхнүүд үү?” киноны Нэгдлийн дарга, “Хүргэн хүү”-гийн Дэмбэрэл гэх мэт сэтгэлд хоногшсон, үг хэл нь хүртэл ард түмний дунд хэлц үг болчихсон, монгол мөн чанартай дүрүүд, монгол ертөнц бүр ихээр үгүйлэгддэг. Нэр, зүсийг нь өөрчилчихвөл солонгос, эсвэл хятад, бүр африкийн кино гэж эндүүрэхээр…
– Ерөөс кино нь нийгмийн сэтгэлзүйг ч хувьсган өөрчлөх хүчирхэг нөлөөтэй. Тэр нөлөөг нь яагаад нийгмийн хөгжил дэвшил, соён гэгээрэл, танин мэдэхүйд зүй зохистойгоор ашиглаж болдоггүй хэрэг вэ? Урлаг сөнөчихдөг болоод тэр үү? Эсвэл бизнес болохоор болдоггүй хэрэг үү?
– Хүний анхаарал татахын тулд элдэв гаж зүс, царай, маяг ааль гаргах, салбархай навсархай хувцас өмсөх нь ордны алиа салбадай нарын арга байж. Харин кино урлаг тийм байж болохгүй. Харамсалтай нь манай кино ертөнцөд ийм хандлага маш түгээмэл.
Зүгээр нэг хэлчих үгийг орилж хашгирч хэлнэ. Жүжиглэлт нь хэтэрчихсэн, драмын, эсвэл хошин шогийн тайзан дээр байгаа мэт аяглана. Драм, хошин шогийн үзүүлэх арга өөр. Кинонд сэтгэл хөдлөлийг зөвхөн хашгирч, нүдээ эргэлдүүлж сүржин бөгөөд даржин илэрхийлэх ёстой биш. Анхаарал татах гэсэн нь хэтрээд сүржин даржин болчихсоны нэг илрэл нь хачин янзын нэрс. “Надын аав мангар”, “Ээжээ надтай гэрлээч”, “Том толгойтын романс” гэх мэт. Хэлзүй, гоо зүйн анхан шатны босго давахгүй, хэт болхи, бүдүүлэг, марзан. Кино бол урлаг гэдгээ бүр тас мартчихсаных нь илрэл. Хэт хэлбэрдэж, үзэгчдийн сэтгэхүйн сул талыг ашиглан ашиг олохыг илүүд үзэх эрмэлзэл нь ийм өрөвдөлтэй байдалд унагачихаад байна.
– Онцгой содон ялгарах, сэтгэлд хоногших дүргүй. Ихэнхдээ маазарсан, сүржигнэсэн, хүнийхээ хувьд жижигхэн ядруу дүртэй. Хошин шогийнхоо нөлөөнөөс салмаар байна. Ингэхэд уран зохиолын амин сүнс нь дүр, чухам дүрээр сэтгэж байж л урлаг болдог. Уран зохиол суурьтай учир кино ч мөн ялгалгүй. Дүр хэр чинээгээр амьдлаг болно, тэр хэрээр кино сайн болно. ЗХУ-ын 70-80-аад оны үеийн кино урлагт дүрийг хэрхэн яруу тод гаргахыг заасан. Владимир Меньшов, Эльдар Рязанов нарын зарим нэгэн бүтээлээс тодорхой мэдрэгддэг. Дүр огт байхгүй мэт өгүүлэмжтэй ч бүхэлдээ онцгой дүрийн онцгой мөн чанарыг илэрхийлж байдаг кино бүтээл ч бий. Стэнли Кубрик (Stanley Kubrick), Андрей Тарковский нарын зарим бүтээлийг хэлж болно.
– Холливүүд л бол сүпэр гэсэн үг биш. Тэр бол бизнес талдаа. Холливүүдээс авах, хэрэгжүүлэх зүйлс мэдээж их, гэхдээ бүхнийг нь үнэмлэхүй дээд үлгэр жишээ гэж үзвэл эмгэнэл болно. Хятадын кино урлаг сүрхий хөгжсөн, гэхдээ тавилт нь хятад шинж, онцлогтой. Иран кино байна. Турк, Куба кино байна. Нэг л өөрийн гэсэн өвөрмөц аяс, тавилттай. Мөн франц кино эхний 10 минутандаа л андашгүй. Биднийх ямар ч тохиолдолд монголынх гэсэн өвөрмөц шинж, өнгө аястай байх шаардлагатай.
– Гоо зүйн зарчим гэдэг зүйлийг огт мартсан мэт байдаг. Сайн хийгээд сайхныг орчин цагийн киноноос, ерөөс манай уран зохиолоос мэдэрнэ гэдэг өвсөн зундаас зүү хайхтай адил. Сайн сайхан, хайр татам дүрийг олохгүй, хэдий ямар нэгэн гэмтэй ч хүнийхээ хувьд сэтгэлд ойрхон дүр бүтээгддэггүй. Үнэмшилгүй, амьд бус, эсвэл сул дорой өчүүхэн жижиг дүрүүд гарна. Дундад зууны Мольерийн ертөнцөд байдаг мэт жижигхэн хүмүүс гарна. Үйл явдлууд нь ч нэг бүтэлгүй.
– Хэрвээ “Энэ хүүхнүүд үү?” киног ТВ-ээр гарч байх юм бол би өмнө нь хэдэн ч удаа үзсэн байсан дахиад л үздэг. Бүр огтхон ч уйдаж залхахгүй шүү. Одоо хэн юу гэж хэлэхийг нь, яаж аяглахыг нь нэг бүрчлэн мэдэх атлаа үздэг. Яг тийн үздэг кинонууд байна байна. “Ийм нэгэн явдал”, “Дэрсү Үзала” гэх мэт. Петер Жаксоны “Бөгжний эзэн”-г бол бүр 50, магадгүй 100 үзсэн байх. Харин орчин цагийн монгол киногоо үзэж суухдаа “Үүнийг дуустал нь үзэх тэвчээр хайрла” гэмээр болдог.
– Эцсийн эцэст ерөөсөө л зохиол муу байна. Дурын хүн кино зохиол бичээд байдаг ч юм биш. Үгээр зурж, дүрсэлж биш, харилцан яриагаар баатрынхаа ертөнцийг нээдэг драм гэгч амаргүй.
Холливүүдэд өдөртөө хэдэн арван кино зохиол очиж байдаг гэдэг. Гэвч өндөр мэргэшсэн редакторуудын гараар шүүгдсээр мянгаас хэдхэн нь л үлдэнэ. Харин манайд эсрэгээр, мэргэжлийн шүүлтүүргүй. Бараг зарим нь зураг авалт дундуураа зохиолоо биччихээд буй мэт хачин логикгүй дүр, үйл явдлууд гардаг.
– Кино урлагт мэргэжлийн шүүмж үгүйлэгддэг. Мань мэтийнх бол үзэгчийн сэтгэгдэл санал төдий. Мэргэжлийн шүүмж байхгүй учраас л мань мэт нь ийнхүү үглээд буй хэрэг шүү дээ. Харин мэргэжлийн түвшний шүүмж нь урагшлуулдаг, засдаг залруулдаг гол хөдөлгүүр.
Манай кино урлагийнхан шүүмжээс ангид явсаар бүр атаршиж гүйцсэн. Шүүмж сонсож чаддаггүй, эрхийн балай шиг өрвөлзөөд эхэлдэг. Төсөв мөнгөгүй юм чинь, хийж байгаа нь их юм л гэнэ. Төсөв муутай болохоор л агуулгагүй, логикгүй, итгэл үнэмшилгүй кино хийдэг хэрэг үү?
Жаахан учир шалтгаантай юм ярьж, сэтгэж баймаар. Сайн кино хийж чадахгүй байгаагийн цор ганц шалтгаан хөрөнгө мөнгө огтоос биш. Ганцхан байгууллагын дотор хамаг үйл явдал нь өрнөчихдөг “Ийм нэгэн явдал” шиг кино хийхэд тийм их хөрөнгө хэрэгтэй юм гэж үү? Өөрөө хийхгүй бол дуугүй бай, хийж байгаад нь баярла ч гэнэ. Эрхийн балайн үг мөн дөө. Сайн хийсэн бол юунд ийм мэт яриа гарах вэ? Тэгээд ч хийсэн учраас шүүмжилж болохгүй гэдэг логик хаана ч байдаггүй. Аливаа шүүмжийг хэрхэн хүлээн авч буйгаар урагшаа явах эсэх нь шийдэгддэг. Алдаа оноогоо ярилцаж байж урагшаа явдаг.
“Сайхан зохиол бидэнд баатрынхаа тухай чин үнэнийг өгүүлж байдаг бол муу зохиол бидэнд зохиолчийнхоо тухай жинхэнэ үнэнийг өгүүлж байдаг” гэсэн Ж.К.Честертоны үг байдаг. Энэ зөвхөн бичгийн зохиолд хамаарах зүйл биш, ерөөс урлагийн бүхий л төрөл зүйлд хамаарна. Тэр дундаа өнөөгийн манай кино салбарт маш их хамааралтай болчихоод байна.
Б.Наминчимэд