Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид сонгогдсон тойрог, хороодынхоо иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн ням гарагт нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан өөрийн сонгогдсон тойрог Сонгинохайрхан дүүргийн X, XI, XXVIII хороодын иргэдтэй уулзаж, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, энэ онд хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулж, иргэд сонгогчдынхоо дуу хоолойг сонслоо. Уулзалтын эхэнд төлөөлөгч Д.Баярсайхан хүүхэд залуучуудынхаа мэдлэг боловсролд анхаарал хандуулж, оюунлаг, бүтээлч ирээдүйг бий болгоход анхаарч байгааг онцлоод хороодод хийгдсэн ажлуудаас онцлон тайлагнасан. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн тус гурван хороонд гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг түлхүү хийхээр төлөвлөж байгааг дуулгасан. Түүнчлэн X хороонд Баянхошууны эцсийн буудлаас хойш 3.4 км авто зам тавиулахаар төсвийг нь шийдвэрлээд байгаа бөгөөд тендер нь зарлагдаад буй гэнэ. Мөн XI хороонд 109 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбороос Хувьсгалчдын гудамж хүртэлх 700 м авто замыг тавихаар захирамж нь гараад, тендер зарлагдаад байгааг дуулгасан. Түүнчлэн тус хороонд 127 дугаар цогцолборын ажил дуусаж ашиглалтад оруулсон бол 150 ортой хүүхдийн цэцэрлэг барихаар 800 сая төгрөгийг төсөвт тусгуулаад байгаа ажээ.
Ийнхүү ажлаа тайлагнасны дараа иргэд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөсөө гэр хорооллын дахин төлөвлөлт, газар эзэмших, өмчлөх, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхтэй холбоотой олон асуудлыг хөндөж, санал хүсэлтээ хэлж, асуултдаа хариулт авсан. Тухайлбал X хорооны зарим иргэн газар дээрээ олон жил амьдарч байгаа ч газраа өмчилж чадахгүй байгаагаа хэлсэн. Мөн эмнэлгийн байгууллагын үйлчилгээ хүнд сурталтай, хүртээмж муутай байгааг хэлсэн бол эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлж буй өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нарийн мэргэжлийн хүүхдийн эмч ажиллуулах шаардлага байгааг мөн хөндсөн. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүүхдийн эмч байхгүйгээс хүүхдийн өмчлөл, урьдчилан сэргийлэх үйлчилгээ муугаас II, III шатлалын эмнэлгийн ачаалал буурахгүй байгаа гэлээ. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байгаа эмч, сувилагчдыг чадавхжуулах шаардлага байгааг ч хэлсэн.
Уулзатын үеэр Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт тааруу байгааг олон иргэн хөндсөн. Тодруулбал, сайжруулсан түлш түгээх цэг Баянхошуунд ганцхан байгаа бөгөөд тус цэгт борлуулж буй сайжруулсан түлш нь өглөө ирмэгцээ дууссан аж. Гэтэл 3500 төгрөгөөр зарж байсан сайжруулсан түлшийг Баяхошууны эцсийн буудал дээр 4500 төгрөгөөр зарж борлуулсан байна. Түүнчлэн зарим борлуулагчид түүхий нүүрс зарж байгаа бөгөөд нэг шуудай түүхий нүүрсний үнийг 5000 төгрөг болгон өсгөсөн зэрэг олон зөрчил дутагдал байгааг хэлж байв.