УИХ-ын гишүүн Д.Мурат, Б.Бахытгүл нарын дунд үүссэн садар самууны гэх хэрэг Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж эцэстээ сэтгүүлчид буруугаа тохсоноор намжих гэж байгаа бололтой. Төрийн өндөр албан тушаалтны ичимдэг эрхтэн олон нийтэд дэлгэгдсэн, ёс зүйгүй авирласан хэрэг монголд битгий хэл дэлхийд анхны тохиолдол бас шившиг болсон.
Хэрэг анх Б.Бахытгүл гэх эмэгтэй Д.Мурат гишүүний мессежүүд,ичимдэг эрхтний зургуудын хамт хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдэд и-мэйлээр илгээснээр эхэлсэн байдаг. Харамсалтай нь баримттай, нотолгоотой энэ мэдээллийг олон нийтэд хүргэснийхээ төлөө сэтгүүлч өнөөдөр Эрүүгийн хуулийн хоёр ч зүйл ангиар яллагдах нөхцөл байдал үүссэн нь зүйд нийцэхгүй.
Үндсэндээ бол эрэн сурвалжлах сэтгүүлчид нийгмийн хамгийн их өвчилсөн асуудлын идээ бээрийг гаргаж ирдэг онцлоготой. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Муратын эрх мэдэл сэтгүүл зүйг баримттай нотолгоотой мэдээллийг олон нийтэд мэдээлэх эрхгүйд хүргэж байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар олны дунд шившиг болсон Д.Мурат,Б.Бахытгүл нар хоорондоо эвлэрч тохиролцон хэргээ сэтгүүлч рүү тохож, эрх мэдэл бүхий албан тушаалтнуудаас ч сэтгүүлчээр туг тахиад хэргийг дарах даалгавар өгч байгаа сурагтай.