Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч Бадам-Очирын Пунсалдулам анх байт харвааны нум барьж, үндэсний сурын спорттой танилцсан гэнэ. Түүнээс ердөө 13 жилийн дараа төрийнхөө наадамд түрүүлж, улсын мэргэн болно чинээ охин төсөөлөөгүй биз ээ.
Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын төрөлд түрүүлсэн улсын шинэ залуу мэргэн Б.Пунсалдуламтай ярилцлаа.
-Өвөрхангай аймгийнхаа наадамд оролцсон гэсэн. Төрийн наадамдаа түрүүлсэн, улсын мэргэн бүсгүйг нутгийн зон олон нь хэрхэн хүлээж авав?
-Өвөрхангай аймгийн маань наадам сайхан боллоо. Улсын хошой мэргэн нэг, улсын мэргэн хоёр, спортын мастер, дэд мастерууд оролцсон өнөр өтгөн, чансаатай наадам болсон. Аймгийн Засаг дарга, Биеийн тамир, спортын газрынхан намайг хүлээж авч, баяр хүргэлээ. Сурынхаа талбай дээр очиход маш олон хүн баяр хүргээд, сайхан байсан. Тэр хүмүүсийн олонхыг нь би танихгүй ч “Зурагтаар гараад байсан нөгөө охин маань байна шүү дээ” гээд намайг үнсэж, гар барихад нь их сайхан санагдсан (инээв).
-Нарийнтээл сумандаа очиж амжсан уу?
-Амжаагүй л байна. Манай сумынхан ирэх намар мэргэн цолыг минь мялааж, наадам хийх сураг байсан. Нарийнтээлд өвөө, эмээ, хамаатан саднууд маань байдаг. Өнгөрсөн жил нутагтаа очсон.
-Өнөө жилийн наадамд харвахдаа та нялх биетэй байсан гэсэн. Тэгэхээр бэлтгэл тийм ч их хийж амжаагүй болов уу. Түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байв?
-Энэ хавар би бэлтгэл огт хийгээгүй. Тиймээс наадмын өмнөхөн хүртэл “Энэ жил харвах уу, болих уу” гэж эргэлзсээр байсан. Нэг өдөр хэдэн сум тавьж үзтэл хуруу өвдөөд байхаар нь больсон. Тэгсэн хоёр талын аав, ээжүүд “Жилд ганц болдог төрийнхөө наадамд харваад үзсэн нь дээр. Хүүхдийг нь бид харж байя” гэхээр нь харвахаар шийдсэн.
Гэхдээ түрүүлэх тухай огт бодоогүй ээ. Охин маань дөнгөж хоёр сартай учраас харвааны дундуур хурдхан харьж хүүхдээ хөхүүлээд ирж байв. Адаг өргийн дөрвөн сумаа сайн харвачих юмсан л гэснээс өөр юм бодоогүй. Бусдынхаа оноог ч анзаараагүй. Шигшээ наймын үеэр надаас илүү оноотой нэг харваач, ижил оноотой гурван хүн байгааг мэдсэн.
-Олон сар огт бэлтгэл хийхгүй явж байгаад, ганц өдөр сум тавьж үзчихээд Улсын наадамд түрүүлнэ гэдэг аргагүй л туршлага, техник, тактик сайн байсных болов уу?
-Намар хаалтын харваагаа хийснээс хойш долоо, найман сар харвахгүй байж байгаад хавар анх бэлтгэлд гарахад эхэндээ шинэ харваач шиг болчихдог байсан. Сүүлийн жилүүдэд тэгэхээ больсон. Өөрийн гэсэн арга барилтай болоод, техник, тактикаа сайжруулаад ирэхээр формоо хадгалдаг шиг байгаа юм.
-Сая Наадмаар улсын мэргэн Д.Норжмаа, спортын мастер Ч.Гандаваа хоёртой сүүлд товх харваж, түрүүлсэн. Товх харвахад сэтгэл зүйн бэлтгэл их чухал байх, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Энэ жилийн наадамд товх харвахад би сэтгэл зүйн бэлтгэл сайтай байсан. Ер нь өмнөх жилүүдийг бодоход догдлол багатай байсан гэж хэлж болно. Анх Завхан аймагт болсон нэг наадамд улсын мэргэнтэй товх харвахад туршлага дутаад, ялагдсан.
Түүнээс хойш олон тэмцээнд товх харваад туршлага суусан байх. Өнгөрсөн жил улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр Д.Норжмаа мэргэнтэй зургаа бил үү, долоо ухарч товх харваад, түрүүлсэн. Тэгэхэд “Би одоо товх харваж сурч байгаа юм байна даа” гэж бодсон.
-Харвааны дундуур гэртээ очиж, хүүхдээ хөхүүлж байсан гэхээр их л яарахгүй бол амжихгүй, хэцүүдэж мэдэхээр байжээ?
-Манай гэр сурын талбайтай ойрхон байдаг. Хана харваанд хоорондын зай нь хоёр цаг 30 минут байсан учраас харьж ирээд, амьсгаагаа дарах хугацаа байсан. Хасаа харваан дээр л нэлээд тэвдсэн.
Бид харвасныхаа дараа заавал хоёр үе ажил хийх ёстой байдаг. Гэхдээ бусад маань сайхан сэтгэлээр намайг ойлгоод, нэг үе ажлаас чөлөөлж, гэр рүүгээ явах боломж олгож байлаа.
-Ажил хийнэ гэдэг нь яана гэсэн үг вэ?
-Өөрөө харвасныхаа дараа ард нь харвах ёстой дөрвөн хүнийхээ сумыг зөөж өгөөд, зурхай дээр хасаагаа өрөхийг ажил хийнэ гээд байгаа юм. Харваачид хүссэн цагтаа ирж, сум тавьчихаад, зурхай руу очиж ажил хийхгүй яваад өгч болохгүй. Энэ бол манай сурын спортод эртнээс уламжилж ирсэн дэг жаяг.
-Улсын наадамд түрүүлж, мэргэн болчихоод харих тэр мөч харваач хүний хувьд хамгийн жаргалтай, сайхан байдаг болов уу. Шагналаа аваад шууд харьсан уу, харваачидтайгаа баяраа тэмдэглэв үү?
-Товхоо харваж, шагналаа аваад гэр рүүгээ буцаад гүйсэн дээ. Сурын талбайдаа хүндэтгэл үзүүлэх, бусад харваачдаа дайлж цайлах үйл ажиллагаа маргааш нь болдог юм. Улсын мэргэн болох тэр агшин үнэхээр сайхан байлгүй яах вэ. Хоёр талын аав, ээж, гэр бүлийнхнээс эхлээд олон хүний хүслийг биелүүлсэндээ их баяртай байгаа. Сэтгүүлчдэд яриа өгч байхдаа “За, уйлж л болохгүй юм шүү” гээд биеэ их барьж, гүрийсэн (инээв).
-Дотроо бол жигтэйхэн огшиж, уйлмаар байсан уу?
-Өөрийн эрхгүй огшдог юм билээ. Гэхдээ тамирчин хүн сэтгэл хөдлөлөө дарж, өөрийгөө ялан дийлж байж амжилтад хүрдэг болохоор биеэ барьж сурах хэрэгтэй.
-Нийслэлийн 52 дугаар сургуулийн харваач гэж зарлуулж байсан. Тэнд ажилладаг юм уу?
-52 дугаар сургуульд физикийн багшаар ажилладаг.
-Танай удамд сур харвадаг хүн бий юү. Ямар хувь зохиолоор сурын спорттой нөхөрлөх болсон түүхээ хуваалцана уу?
-Манайхан дотор сур харвадаг хүн байхгүй. Сурын спортоор хичээллэх болсон минь аав, ээжийн санал, зөвлөгөөтэй холбоотой. Биднийг тавдугаар ангид байхад Нарийнтээлд биеийн тамирын шинэ багш очсон юм. Тэр үед би бөхийн секцэнд бүртгүүлчихээд нэг их удаагүй байсан.
Гэтэл аав, ээж хоёр маань мэдээд “Эмэгтэй хүүхэд бөхөөр хичээллэх дэмий. Миний охин сур харваад үз. Шинээр ирсэн багшийн секцэнд чамайг бүртгүүлсэн байгаа” гэсний дагуу сураар хичээллэсэн дээ.
-Анх сураар хичээллэхэд гар, хуруу цэврүүтэхээс эхлээд хэцүү байсан байх. Шантарч байв уу?
-Намайг анх сураар хичээллэж байх үед эрхийвч гэх мэтийн хамгаалалт хэрэглэдэг байгаагүй. Байт харвааны нумаар ямар ч хамгаалалт хэрэглэхгүй үндэсний сур харвахад эрхий хуруу цэврүүтэхээс эхлээд бэрхшээл багагүй байсан. Гэхдээ шантарч байгаагүй ээ. Гэр бүлийнхэн маань намайг ойлгож, их дэмждэг байсан. Сураар хичээллэж эхэлсэн жилээ аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод, медалиас мултарсан.
Тэгэхэд аав, ээж хоёр маань хот руу явж надад нум авчирч өгч билээ. Монголд байт сурын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, Өвөрхангай аймгийн харьяат Г.Бямбаа гуайг дагуулан, нум урлаач Т.Батмөнх багш дээр очиж надад нум сонгуулж авч байсан гэдэг. Өөрийн гэсэн нум хэрэгсэлтэй болоод, аймагтаа ирж бэлтгэл хийснээр дараа жил нь хүүхдийн харваанд түрүүлж байв. Тэгэхэд аав, ээж маань нүдэндээ нулимстай угтаж билээ.
-Аав, ээжийн тань авч өгсөн анхны тэр нум одоо бий юү?
-Байгаа. Намайг дагаад дүү маань бас сураар хичээллэж эхэлсэн. Тиймээс миний нум доошоо дүүд шилждэг байсан. Ардын хувьсгалын 90 жилийн ойн наадамд өсвөрийн харваачдын тэмцээнд түрүүлж, улсын өсөх идэр мэргэн цол хүртсэн, спортын мастер залуу бий. Аймагтаа Улсын наадмын өсвөрийн харваачдын анхны түрүүг аваачсан дүүгээрээ маш их бахархсан даа.
Хоёрын хоёр хүүхэд нь жил болгон л улс, аймгийн наадамд оролцоно гээд явахдаа нум, сум, хамгаалалтын хэрэгсэл авахуулж, замын зардал, хоол ундны мөнгө зэхүүлэхээс эхлээд аав, ээжийгээ багагүй зовоосон байлгүй. Тэгээд тэр үед “Аав, ээжийгээ ингэж нэг баярлуулах өдөр ирдэг юм байжээ” гээд сэтгэл маш өег байсан. Сая өөрөө улсын мэргэн болоход сайхан байсан ч гэлээ дүүгээ өсвөр насны ангилалд түрүүлсэн тэр жил би илүү их баярласан.
-Эрийн гурван наадмын төрлөөс сур харвааг манайхан төдийлэн ойшоохгүй байна гэх шүүмжлэл их гардаг. Наад зах нь сурын бай шагнал бөх, мориныхоос харьцангуй бага байдаг гэдэг. Энэ байдал одоо өөрчлөгдсөн болов уу?
-Ерөнхийлөгчийн зарлиг гарсны ачаар сүүлийн хоёр жил Улсын наадмын сурын бай шагнал харьцангуй нэмэгдсэн юм билээ. Харин хөдөө аймгуудын наадамд харвахад сурынхны бай шагнал түрүү бөхийн авдаг мөнгөний 20 хувьд хүрэхтэй, үгүйтэй л байдаг.
-Улсын наадамд түрүүлж, үзүүрлэсэн байтугай, цол авсан бөхчүүдийг нутаг усныхан нь, ивээн тэтгэгч компаниуд нь баахан шагнаж урамшуулдаг. Харваачдыг ивээн тэтгэдэг пүүс компани гэж байх юм уу?
-Гэрээ байгуулж, пүүс компанийн нэр дээр харвадаг хүн тун ховор байх аа. Миний хувьд энэ жил аймгаараа овоглоод харвасан. Аймгийн Засаг даргын захирамжаар Улсын наадамд түрүүлж, айрагдсан бөх, морь, харваачид урамшуулал олгодог юм билээ. Тэр урамшууллыг сая авлаа.
-Улсын наадамд түрүүлж, айрагдсан морьд болоод түрүү, үзүүр булаалдсан бөхийн хөлсөнд хүрвэл хийморь сэргэнэ гээд манайхан хошуурдаг. Түүн шиг түрүүлсэн харваачийн нумнаас адис авъя гэдэг үү?
-(Инээгээд) Одоогоор надад тийм зүйл тохиолдоогүй байна. Ямар ч байсан түрүүлсэн хүнтэй гар бариад үзчихье гэсэн хандлага хүмүүст байдаг бололтой юм. Ер нь л олон түмнээс их сайхан хүндлэл ирдэг юм байна гэдгийг мэдрээд сууж байна даа.
-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юү. Та хоёр хэзээ өрх тусгаарласан бэ?
-Миний ханийг Б.Хатансайхан гэдэг. Бид хамт амьдраад дөрвөн жил болж байна. Манай хүний гэр бүлийнхэн бүгд сур харвадаг. Хань маань урианхай сурын улсын мэргэн, халх сурын спортын мастер цолтой. Харваач гэр бүлийн бэр болсондоо бэлгэшээж явдаг.
-Тэгвэл сая наадмаар таны хань дэм болж байсан байх нь ээ?
-Тийм ээ. Харвах тоолонд дүү маань сум зөөгөөд, хань маань нум хөвчилж өгөөд, их дэмтэй сайхан байлаа.
-Сураар хичээллэдэг эмэгтэй хүн бусдаас юугаараа өөр байдаг бол?
-Сур харваад явж байхад бясалгал хийж байгаа юм шиг тайвширдаг. Тиймээс хүлээцтэй, тэвчээртэй болдог байх. Бас харваач эмэгтэйчүүд наранд өдөржин зогссоор байгаад бов бор болдог учраас бусдаас эрс ялгардаг юм (инээв).
2016 он.