Улаанбаатар хот одоо л эзэнтэй болж байгаа мэт сэтгэгдэл төрөх юм. Нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө ингэж уйгагүй явдаг хотын Захирагч байсныг ер нь санахгүй юм. Татвар төлөгчдийн мөнгөөр лаагаа худалдаж авна уу, луувангаа худалдаж авна уу, лаагаа лууван болгож улсад шахна уу хамаагүй гэсэн сэтгэхүйгээр ажил нь явдаг байсныг хотын мээр олон нийтэд ёстой л илчлэх шиг болжийн. Хотын Захирагчид хавьтахгүй салбар, очихгүй газар ч гэж алга бололтой. Олон нийтийн сүлжээнээс харж байхад ард иргэд ч “Хотын дарга аа, одоо эндэх нөхцөл байдалтай танилцаад, энэ асуудлыг шийдээд өгөөч” гэж их хүссэн байх юм.
Өөлсөн хүнд бол С.Амарсайхан дарга “гал тогооны” жижиг ажилтай зууралдаад байгаа мэт санагдаж болох. Гэхдээ анхнаасаа 500 мянган хүнд зориулж төлөвлөсөн дэд бүтэцтэй, 10 мянган тээврийн хэрэгсэлд зориулсан авто замын сүлжээтэй хотод өдгөө 1.5 сая хүн оршин сууж, 420 гаруй мянган тээврийн хэрэгсэл өдөр тутам замын хөдөлгөөнд оролцож байгаа нөхцөлд Улаанбаатарт жижиг асуудал, жижиг ажил гэж байх ёсгүйг тэрбээр бүх шатныханд ойлгуулж эхэллээ.
Монголчууд угаасаа хүнээр заавардуулж, чичлүүлж, шахуулж шавдуулж байж хөдөлдөг гэмтэй улс. Дээрээс тавих хараа хяналт ялимгүй сулрахыг андахгүй, савс хийвэл ажил хийдүүлэх гээд байдаг. 100 айлын зам засвар, Замын цагдаагийн гүүрэн гарцын бүтээн байгуулалтын удаашрал, үерийн ус зайлуулах шугам хоолойг хааж барилга барьсны улмаас Яармаг дахь Наадамчдын гудамжны авто зам усанд автсан зэргээс үүнийг бэлээхэн харж болохоор. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж байгуулсан авто замын барилга байгууламж, дэд бүтцэд учирсан хохирлыг тухайн компаниар төлж барагдуулах хотын Захирагчийн үүрэг даалгавар эхнээсээ хэрэгжиж, Наадамчдын гудамжны төв зам дагуух үерийн усийг зайлуулж, зам талбайг цэвэрлээд улсад учирсан хохирлыг барагдуулжээ. Мөн өчигдөр нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд баригдаж байгаа зөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагаанд холбоглох мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт хийж зөрчилтэй байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авсан байна.
Хууль бус газар олголт, зөвшөөрөлгүй барилга байгууламжуудын асуудалд С.Амарсайхан дарга хатуу байр суурь баримталж, олон нийтийн эрх ашгийн төлөө бол хэнтэй ч “үзэлцэхэд” бэлэн байх шиг. Тэрбээр гууутай бурхан шиг хойморт заларч, нам гүмхэн байж байгаад сонгуульт хугацаагаа дуусгахыг бодоогүй нь илэрхий. Энэ чанараараа ч өмнөх хотын мээрүүдээс эрхгүй ялгарч байна. Нэгэнт тендерийг нь авчихсан хойно одоо намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэгчээр дур зоргоороо туйлж байсан цөөнгүй аж ахуйн нэгжийн тархин дээр “аянга буулгаж” эхлэв, тэр. Хэн ч хэнийг ч гуйж ажиллуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бол эргээд хариуцлага нэхэж, хохирол барагдуулах асуудал ярих хүмүүс төрд (нийслэлд) байдаг юм шүү гэдгийг мартах шахаж, бид. 100 айл дахь авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хотын Захирагч өөрийн биеэр очиж шалгаагүй бол тэнд хэрэглэж байгаа газар доогуурх шугам хоолой нь чанар стандартын наад захын шаардлага хангахгүй, хөл хүрэх төдийд бутраад уначихдаг хогийн материалаар хийгдэж буйг мэдэхгүй өнгөрөх байв. Нүд хуурсан иймэрхүү ажил хийдэг, хариуцлагагүй, сэтгэлгүй, зүтгэлгүй компаниудтай дахиж нийслэлийн бүтээн байгуулалт дээр хамтрахгүй гэдгээ ч хатуухан мэдэгдээд авна лээ. Эцэстээ явж явж энэ бүх буруугийн гэмийг хувааж үүрэлцэх ёстой хүмүүс нь хяналтаа тавьж чаддаггүй, хууль журмаа мөрдүүлж чаддаггүй төрийн албан хаагчид болж таарна. Тиймээс холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг орхигдуулахгүй байх нь бас чухал шүү, хотын дарга аа.