Мексик эр Хильберто Мартинес хөлбөмбөг үзэхээр Орост ирсэн. Гэхдээ түүнтэй цуг хайртай эхнэр Вероника, 8 настай хүү Диего, 6 настай охин Мий нар нь байсангүй. Тэд хоёрхон сарын өмнө машины ослоор амиа алдацгаасан юм. Уг нь тэднийх гэрбүлээрээ ДАШТ үзэхээр онгоцны билет, тоглолтын тасалбараа хэдийнэ захиалсан байв.
Уй гашууд автсан Хильбертогийн толгойд энэ захиалга орж ирэхгүй нь ойлгомжтой. Орос явах тухай бодол ч төрсөнгүй. Мексикийн шигшээ багийн хаалгач Гильермо Очоа утасдахад л санасан юм. Очоа яаж энэ талаар мэдсэн нь тодорхой бус ч ямар ч гэсэн хаалгач гэрбүлээ алдсан эрийг ДАШТ үзэхийг гуйсан байна. “Гэрбүлийнхээ төлөө, тэдний хүсэл мөрөөдлийнх нь төлөө ОХУ-д очооч” гэж Очоа хэлжээ.
«Очоа хэрэв та хөлбөмбөг үзэх юм бол хүү чинь сахиусан тэнгэр болно гэж хэлсэн. Гэнэт надад хүү Диего минь нөгөө ертөнцөөс надад дохио өгч байгаа юм биш биз гэж бодогдсон. Хүү минь “Аав аа та заавал үз, энэ зовлонг даваад гар” гэж байх шиг санагдсан” гэж Хильберто Мартинес ярьсан байна.
Хичнээн хэцүү байсан ч Хильермо явахаар шийдлээ.
Хильермогийн хэлснээр хүү нь “Барселона”-г шүтдэг, Месси, Неймарыг шүтдэг байж. Бяцхан Диего хэзээ нэгэн цагт тэдэнтэй уулзана гэж итгэж байсан боловч чадсангүй. Энэ түүхийг сонсоод Неймар Диегогийн эцэгт захиа бичсэн байна. Неймар “Сүүлийн хоёр сар таны үзэж өнгөрүүлсэн бүхэн үнэхээр эмгэнэлтэй байна. Гэхдээ та гэр бүл, та бүхний нийтлэг мөрөөдлийн төлөө Орост иржээ. Би таны хүү, өөрийнхөө хүү, хөлбөмбөгт дуртай бүх гэр бүлийн төлөө хөлбөмбөг тоглох болно” гэж бичжээ.