Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу 2018 оны ДАШТ-ий аваргын алтан цомын төлөөх тоглолт Москвагийн цагаар 18 цагт /Улаанбаатарын цагаар 23 цагт/ Москва хотноо “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд Хорват, Францын шигшээ багийн халз тулаанаар эхэлж, Франчууд 4:2-оор хожиж Дэлхийн аваргын “Алтан дагина” цомын эзнээр хоёр дахь удаагаа тодорлоо.

Францын багийн ялалтанд хамгийн ихээр нөлөө үзүүлсэн дэлхийн шинэ супер од Килиян Мбаппег онцолж байна. Тэрээр өдгөө дөнгөж 19 настай боловч ДАШТ2018 -ын үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдээд байгаа юм. Килиян Мбаппе Францын гэмт хэрэг, ялгаварлан гадуурхах үзэл, нийгмийн зөрчил үймээн самуун ихтэй Бонди хотод төрж өссөн ч энэ бол түүнийг төлөөлж ирсэн ертөнц юм. Килияны ээж Алжир гаралтай бол аав нь Камерун үндэстэн аж.

Килиангийн аав Вилфрижи Бонди хотын хөлбөмбөгийн залуучуудын багт 25 жил дасгалжуулагчаар ажиллаж иржээ. Харин түүний ээж Фейза Ламари Францын шилдэг гар бөмбөгийн тамирчин байсан бол түүний өргөмөл ах Жирес Кембо Экоко Ал-Насрээс Супер лигийн шилдэг тамирчин байсан нь Килиян Мбаппегийн өнөөгийн амжилтанд хүрэхэд том нөлөө үзүүлсэн юм. Тэрээр ахаасаа  хөлбөмбөгийн талаарх олон зүйлсийг суралцаж ирсэн бөгөөд хүүхэд байхаасаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчид Роналду, Месси нарын үнэнч шүтэн бишрэгч нь байжээ.

Дэлхий дахинд “Golden boy” хэмээн нэрлэгдээд буй Килиян Мбаппег 19 настай хэдий ч 30 гарсан хүн мэт гайхалтай төлөвшсөн, ухаалаг үзэл бодолтой хэмээн багийнхан нь тодорхойлжээ.

Харин түүний ах дүүгээ 2018 оны дэлхийн аваргад хэрхэн амжилттай тоглохыг хараад: ” Би гайхаж байна. Тэрээр ямар ч дарамт шахалтыг үл тоон үргэлж шилдэг нь байж чадлаа. Аргентины эсрэг тоглох нь хэзээд амаргүй байсан ч Мессигийн эсрэг тоглохдоо айдасгүйгээр гайхалтай ур чадварыг дүү минь үзүүлж чадсан. Тэр яг л миний таамаглаж байсан шиг шүтээн ододтойгоо нэг талбайд тоглохдоо эргэлзэх зүйлгүйгээр  шилдэг нь гэдгээ нотлон харуулсан” гэжээ.

Өрөөнийхөө ханаа шүтээн хөлбөмбөгчдийн зургаар дүүргэсэн бяцхан хүү өнөөдөр тэдгээр баатруудаа бут цохиж “Дэлхийн аварга”-ын цомыг гартаа атгаж, хүн төрөлхтний шүтээн болно гэж хэн санах билээ. Энэ бол түүний асар их хүсэл мөрөөдлийнхөө төлөө уйгагүй зүтгэсэн хүч хөдөлмөрийн шагнал билээ.

www.Seen.mn