Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас улс орнуудын, олон хотуудын, олон аж ахуйн нэгжүүдийн, олон айл өрхийн эдийн засаг хүндхэн байна. Цаашид ч энэ байдал удаан үргэлжлэх төлөвтэйг эдийн засагчид хэлж буй. Тиймээс коронагийн халдвараас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ эдийн засгаа тэтгэх арга хэмжээг бүх шатанд авах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа юм.
Хотын захирагч С.Амарсайхан 1.5 сая гишүүдтэй Улаанбаатар хэмээх өрх айлынхаа хүн нэг бүрийг аюулт цар тахлаас яаж урьдчилан сэргийлэх вэ гэж толгойгоо гашилгахын хажуугаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн хүндрэлээс болж элгээр нь мөлхүүлэхгүйн тулд, тэнд ажиллаж амьдралаа залгуулдаг олон иргэдийг орлоготой байлгахын тулд дараалсан захирамжууд гаргажээ. Тухайлбал, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг фитнессийн газрууд, спорт заал, бассейн, бүжгийн клуб, танхимын сургалтаас бусад сургалтын төвүүд хийгээд худалдаа, үйлчилгээний газрууд, зарим шашны байгууллагуудыг нээх шийдвэр нь олон хүний ажил амьдралтай шууд холбогдох нь дамжиггүй.
Учир нь Монгол Улсын эдийн засгийн урсгалыг тэтгэдэг томоохон цутгал нь нийслэл хот. Харин Улаанбаатар хотын эдийн засгийн урсгалыг тэтгэдэг гол хүч нь худалдаа, үйлчилгээний салбарынхан, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид байдаг. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн 75-аас дээш хувийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид эзэлдэг, тэр тусмаа худалдаа, үйлчилгээний салбарынхан нийт ажил олгогчдын багагүй хувийг бүрдүүлдэг билээ. Энэ дунд фитнессээс авхуулаад баар, караоке, ресторан, цайны газар хүртэл бүгд багтана. Таван ажилтантай цайны газар байна уу, 10 ажилтантай фитнес ч байна уу, 15 ажилтантай баар, караоке байна уу, тэр болгоны цаана хүний амьдрал явж байгаа. Тэр ажилтнуудын цаана өнөө маргаашийн өрхийн орлого, хүүхдэдээ авч өгөх зайрмагны мөнгө, хөгшдөдөө сүү авч ороод баярлуулах тав, арван төгрөг явж байгаа. Тиймээс “Баар, караокег яах гэж нээсэн юм. Архидалтыг өөгшүүллээ” гэж баалах нь өрөөсгөл.
“Фитнест явмаар байна, спортоор хичээллэж дархлаагаа сэргээмээр байна, бүжгийн клубүүдээ нээгээд өгөөч…” гэсэн хүсэлтийг нийслэлчүүд удаа дараа тавьж байсныг олон нийтийн сүлжээнээс мэдэх юм. Хотын Захирагчийн хувьд иргэдийн энэ мэт санал хүсэлтийг харгалзсанаас гадна хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг 3 сар гаруй хугацаанд хаачихаад дахиад энэ байдлаараа үргэлжлүүлбэл эдийн засгийн урсгал зогсонги байдалд орно гэж үзээд өөрийн эрх үүргийн хүрээнд хамаарах зарим газруудыг нээх шийдвэр гаргасан байж таарна. Түүнээс биш “Заавал баар, караоке л орно шүү” гэж хотын даргын гарын үсэг, тамгатай захирамжаар хүчлээгүй, иргэдийг хүзүүдээд, эсвэл хөтлөөд зүтгүүлээгүй нь ойлгомжтой. Цар тахлын үед эрсдэлээ бодоод тиймэрхүү газраар үйлчлүүлэхгүй байх нь таны, миний, бидний эрхийн л асуудал. Адлуулаад байгаа баар, караокены газрууд ч хүмүүсийг дургүй, хүсэхгүй байхад нь уургалаад чирээд үйлчлүүлэхгүй нь мэдээж. Одоо л ёстой эрхээ яаж эдэлдгээ харуулах нь бидний ухааных билээ.
Харин халдвар тархахаас сэргийлэхийн тулд нийслэлийн зүгээс дээрх газруудын үйл ажиллагааг нээхдээ тавьсан гол шаардлага нь мэргэжлийн байгууллагаас өгч буй ариутгал халдваргүйтгэлийн дүрэм журмыг сайтар мөрдөж, тогтоосон дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах. Үүнд хяналт тавих нутгийн захиргааны байгууллагуудад нь ч тодорхой үүрэг чиглэл өгсөн байна билээ.
Эцэст нь нэг тайлбар хэлэхэд, боловсролын салбарт хамаатах дугуйлан секцүүд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй холбоотой газруудын үйл ажиллагааг нээх, хаах асуудлыг харьяалах яамд нь, сайд нар нь бүрэн эрх, үүргийнхээ хүрээнд шийддэг номтой.