УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан асуулт асуулаа. Тэрбээр
-Дээд шүүхийн шүүгч бүх талын мэдлэгтэй, бүхий л нөхцөлд эрх зүйн нарийн элементүүдийг хэрэглэх чадвартай байх ёстой гэдэг. Гэхдээ танхимын шүүгч хүрэлцэхгүй, хангалтгүй байгаа гэсэн шалтгаанаар хуулийн заалтыг механик байдлаар өөрчлөх оролдлого хийж болохгүй. Тухайн заалт хэрэгжсэнээр Эрүүгийн болон Иргэний хэргийн шүүгчид өөр танхимд шилжиж ажиллах боломж нь бүрдэх юм байна. Үүнийг эрсдэлтэй талаас нь харвал Захиргааны хэргийн шүүгч Иргэний хэрэг шүүхээр болбол эрүүгийн эрх зүйн процессыг буруу хэрэглэх, зарим зүйл заалтыг буруу хэрэглэх гэх мэтээр бусдыг хэлмэгдүүлэх, эд хөрөнгө, эрүүл мэндээр нь хохироох вий гэсэн болгоомжлол байна. Дагнасан байх гэдэг шүүхийн шинэтгэлээс ингэж ухарч болохгүй!
Шүүх засаглалын бие даасан байдлыг хангана, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт шүүхийн эрх мэдэл, шинэтгэлийг хийнэ, шударга ёсыг тогтооно гэчихээд одоо ийм заалтыг оруулж ирж байгаа нь ямар учиртай юм бэ? Монгол Улс гурван шүүгчийг томилж чадахгүй болтлоо шүүх засаглал доройтчихсон, хүний нөөцгүй болчихсон юм уу. Эсвэл шүүх засаглалын удирдлагууд ингэтлээ эрээ цэрээ алдчихсан юм уу, ээлжит бус чуулганы завсраар ийм заалт батлуулчихъя гэдэг хандлагаар оруулж ирж байгаа юм уу?
Хуульч тэр дундаа шүүгч гэдэг бол хүний хувь заяа, амь амьдралыг дэнсэлж байдаг. 20, 30 жил шүүгчийн албан тушаал хашиж байж мэргэшдэг бичигдээгүй хууль аль ч улсад бий. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдалд мэргэшээгүй, дадлагажаагүй хүмүүс яах юм бэ. Эсвэл та бүхний оруулж ирснээр явна гэвэл Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн шүүхийг бүгдийг нь нэгтгээд хэн дуртай нь аль дуртай шүүх хуралдаандаа ороод хэрэг шийддэг болчихъё л доо. Тэгвэл хууль гэж байгаад яах юм. Хуулийн шинэчлэл гэж яваад яах юм. Шударга ёс гэж яриад ч яах юм хэмээсэн.
УИХ-ын гишүүн С.Амарсайханы асуултад Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв хариулахдаа “Одоо ажиллаж байгаа таван шүүгчийг өвчтэй, чөлөөтэй, хуульд заасан үндэслэлээр татгалзан гарсан болон түдгэлзсэний улмаас хяналтын шатны шүүхийн бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байх тохиолдолд өөр танхимын шүүгч орж хэрэг шийдвэрлэх тухай асуудал юм” хэмээн тайлбарлав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ээлжит чуулганы хугацаанд нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэх үндэслэлээр төслийг хууль санаачлагчдад буцаалаа.