Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Өлийн давааны өвөр хэсэг, “Минж нутагшуулах, үржүүлэх төв” орчмын 145 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа.
Туул голын экосистемийг хамгаалах, минж нутагшуулах замаар усны урсцыг нэмэгдүүлэн, ундны усны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор Нийслэлийн ИТХ-аас 2012 онд “Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгж” ОНӨҮГ-ыг байгуулсан. Өдгөө тус төслийн нэгж 57 бодгаль минжийг Туул голын эх болон Заан, Тэрэлж голд нутагшуулаад байна.
Минж нь голын экосистем болон ойролцоох хуурай газрыг холбосон суваг татах зэргээр завсрын шинжтэй орчныг шинээр бий болгож байгалийн тэнцвэрийг хангадаг онцгой ач холбогдолтой бодгаль юм. Хэрэв Туул голын эх болон цутгал голууд дахь бүл минжний тоог олшруулж, 100-150-д хүргэвэл усны бохирдол багасаж, Улаанбаатар хотын иргэдийн ундны усны эх үүсвэрийн нөөц нэмэгдэж, хамгаалагдана гэдгийг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр танилцууллаа. Тиймээс Нийслэлийн ИТХ-аас Туул голын ай савыг хамгаалах зорилгоор дээрх 145 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч байгаа юм. Хамгаалалтад авсан дээрх газарт цаашид экологийн боловсролд дэмжлэг үзүүлэх төв болгон хөгжүүлнэ. Ингэснээр ЕБС-ийн сурагчид, оюутан залуус тус төвд экологийн боловсрол эзэмшиж, зөв дадалд суралцах боломж бүрдэх ач холбогдолтой.Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авахтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид дараах саналыг гаргасан юм.
Төлөөлөгч П.Наранбаяр: -Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг ийнхүү хамгаалалтад авч байгаа нь зөв. Харин “Минж нутагшуулах, үржүүлэх төв”-ийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Бид Сэлбэ голын эхийг хамгаалж чадаагүйн улмаас их доройтсон. Өнөөдөр хамгаалалтад авч байгаа 145 га газрыг бүсчилж, зөв хөгжүүлбэл аялал жуулчлалын том бааз болно. Тиймээс эвдэж сүйтгэхгүй, хамгаалсан шиг хамгаалах хэрэгтэй.
Төлөөлөгч Б.Мягмар: -Дээрх газрыг хамгаалалтад авахыг бүрэн дэмжиж байна. Байгаль, орчны сайдын баталсан тушаалаар газар нутгийг хамгаалалтад авах журмыг баталсан байдаг. Тэгэхээр бид гаргаж буй шийдвэрээ дээрх журамд нийцүүлэх ёстой. Мөн зөвхөн минжинд зориулж тус бүсийг хамгаалалтад авч буй биш хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийг хамгаалах гэсэн агуулгаар шийдвэрээ гаргах ёстой.
Төлөөлөгч Ү.Оюунзул: -2009 онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн 973 га газрыг хамгаалалтад авсны өгөөжөөр өнөөдөр нийслэлийн иргэд амарч, зугаалах газартай болсон. Тиймээс хэлэлцэж буй асуудлыг дэмжиж байна.
Төлөөлөгч Л.Ариунтуяа: -Дээрх 145 га газрыг хамгаалалтад авахыг дэмжиж байна. Гэхдээ хамгаалах нэрээр хашаалаад орхиж болохгүй. Байгалийн цогцолбор төвийг байгуулж, иргэдэд нээлттэй байхад анхаарна уу.
Тэргүүлэгч Д.Гантулга: -Хамгаалалтад авч буй газарт аялал жуулчлал, экологийн боловсролын төв байгуулах нэрээр хувь хүний эдлэн газар болгочихвий гэсэн болгоомжлол байна. Тиймээс энэ асуудалд холбогдох албаныхан анхаарлаа хандуулж ажиллаарай.
Төлөөлөгч Б.Нэргүй: -Нийслэлийн нутаг дахь байгалийн цогцолбор газар болон дархан цаазат газрын ашиглалт, хамгаалалтын мэдээллийг авч байх хэрэгтэй. Үүгээр далимдуулж газрын бизнес цэцэглэдэг. Улмаар байгаль орчин доройтож, үнэ цэнээ алдах шалтгаан болж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид зарчмын байр сууриа илэрхийлсний дараа, уг тогтоолын төслийг олонхын саналаар дэмжлээ. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ