Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өргөтгөсөн нэгдсэн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, есөн дүүргийн салбар зөвлөлийн дарга нар оролцсон юм. Энэ үеэр тус зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, баталлаа.
Нийслэлийн ГХУСАЗСЗ өнгөрсөн онд бодлого зохион байгуулалт, эрх зүйн орчныг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, сурталчилгааны ажил, тоног төхөөрөмж, техникийн шинэчлэл гэсэн гурван бүлгийн 62 ажил, арга хэмжээг хэрэгжүүлжээ. Төлөвлөгөөний биелэлтийг 92.7 хувьтай дүгнэсэн байна.
Харин энэ онд салбар зөвлөлийн гишүүн 20, гишүүн бус 3 байгууллагаас 136 ажил, арга хэмжээний санал ирсэн байна. Үүнээс хууль тогтоомжийн хүрээнд давхардлыг арилгаж, 4 бүлгийн 69 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөний төсөлд тусгасныг тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба танилцууллаа.
Тухайлбал, дүүргүүдийн салбар зөвлөлийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, гишүүн байгууллагуудыг шаардлагатай тоног төхөөрөмж, машин техникээр хангах, олон нийтийн цагдаа ажиллуулах, гудамж талбай, авто замыг камержуулах, архинд донтох өвчтэй иргэдийг архинаас гаргах чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх зэрэг ажил багтжээ.
Дүүргүүдийн салбар зөвлөлийн дарга нар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэхэд чиглэсэн ажлуудад анхаарах, салбар зөвлөлд татварын албанаас гишүүн оролцуулах, цахим донтолт, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, хамтын ажиллагааны уялдааг нэмэгдүүлэх зэрэг саналыг хэлж байв.
Нийслэлийн ИТХ-ын дарга, нийслэлийн ГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Батбаясгалан энэ үеэр “Хуралдааны үеэр гарсан саналыг энэ оны төлөвлөгөөнд тусган, дүүргүүдийн салбар зөвлөлийг дэмжин, хамтарч ажиллах болно. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд, иргэд, олон нийт, иргэний нийгэм, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах нь чухал. Гишүүн байгууллагууд хариуцлагатай ажиллахыг зөвлөлийн зүгээс шаардах болно. Энэ дагуу хариуцлагатай ажиллаж буйг нь ч дэмжих болно” гэв. Мөн төлөвлөгөөний биелэлтийг хагас, бүтэн жилээр тооцож, ажиллахыг хэллээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ